2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын тээвэр, логистикийн салбарт түүхэн шинэ үеийн эхлэл тавигдлаа. “Монголын төмөр зам” ТӨХК болон БНХАУ-ын “Чайна Энержи Коксжих нүүрс (Тяньжин)” ХХК хооронд байгуулсан нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээний хүрээнд “Тавантолгой” өртөөнөөс нүүрс тээвэрлэх анхны галт тэрэг хөдөлж, ачаа тээврийн үйл ажиллагаа албан ёсоор эхэллээ.

Энэ нь Монгол, Хятад хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр хэрэгжүүлж буй Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох төсөл-ийн хүрээнд хийгдэж буй анхны бодит үр дүн юм.

Түүхэн ач холбогдолтой гэрээний үе шат:

  • 2025 оны 2 дугаар сарын 14: Монгол, Хятадын Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтыг хил дамнасан төмөр замаар холбох хэлэлцээрийг БНХАУ-ын Харбин хотод байгуулсан.
  • 2025 оны 5 дугаар сарын 14: “Монголын төмөр зам” ТӨХК болон “Чайна Энержи Коксжих нүүрс (Тяньжин)” ХХК хооронд нүүрс тээвэрлэлтийн 16 жилийн хугацаатай гэрээнд гарын үсэг зурсан.
  • 2025 оны 6 дугаар сарын 24: Ачаа тээврийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлж, “Тавантолгой” өртөөнөөс нүүрс тээвэрлэлтийн анхны галт тэрэг хөдөлсөн.

Гурвыг цогцоор хэрэгжүүлэх хамтын ажиллагаа

Энэхүү хэлэлцээр нь гурван гол зорилтот чиглэлтэй:

  1. Хил дамнасан төмөр зам хамтран барих
  2. Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ байгуулах
  3. Нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх

Энэ ажлыг дэлхийд тэргүүлэгч “China Railway Construction Corporation” (CRCC)-ийн охин компани болох “Төмөр замын барилгын гүүрийн инженерийн товчоо групп” ХХК хэрэгжүүлж байна.

247 сая тонн нүүрс — 16 жилийн гэрээ

“Монголын төмөр зам” ТӨХК тус гэрээний хүрээнд 16 жилийн хугацаанд нийт 247 сая тонн нүүрсийг тээвэрлэх бөгөөд энэ нь Монгол Улсын эдийн засагт бодитой, тогтвортой нэмэр оруулах томоохон хүчин зүйл болно гэж үзэж байна.

70 жилийн дараах шинэ түүх

Энэ бол 1955 онд Эрээн-Замын-Үүдийн төмөр зам холбогдсоноос хойш анх удаа Монгол-Хятадын хооронд нүүрсийг төмөр замаар, хил дамнан тогтмол хэлбэрээр тээвэрлэх бодит нөхцөл бүрдсэн явдал юм.

Талууд энэхүү түүхэн үйл явдлыг хоёр улсын нийгэм, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, харилцан ашигтай түншлэлийн бэлгэ тэмдэг хэмээн онцолж байна.