Газрын ховор элементийн нөөц, олборлолт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөний талаар нээлттэй хэлэлцэж буй “Халзан бүрэгтэй” орд газрын хяналтын сонсгол өнөөдөр Төрийн ордонд үргэлжилж байна. Сонсголыг ахалж буй УИХ-ын гишүүн Б.Баярбаатар байр сууриа илэрхийлэхдээ:
“Наадмын өмнө ЭЗБХ болон Байгаль орчны байнгын хорооны хамтарсан хуралдаанаар уг асуудлаар хяналтын сонсгол хийхээр шийдвэрлэж, намайг зохион байгуулагчаар томилсон. Өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд Ховд аймагт ажиллаж, сумын ИТХ-ын төлөөлөгчид болон төслийн компанийн удирдлагуудтай уулзсан” гэв.
Түүний хэлснээр төслийг хэрэгжүүлэгч компани хайгуулын үйл ажиллагаа явуулж эхэлсэн ч нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, зогсоогоод байгаа аж.
“Манай улс газрын ховор элемент түүхэндээ олборлож байгаагүй. Хэрэв олборлолт эхэлбэл ямар технологи ашиглах, нөхөн сэргээлтийг хэрхэн хийх, хүн малын эрүүл мэндэд сөрөг нөлөө байна уу, бид яаж урьдчилан сэргийлэх гэх мэт нарийн мэдээллийг экспертүүд сонсголын үеэр тодорхой мэдээлж байна” хэмээн Б.Баярбаатар онцоллоо.
Тэрбээр мөн геополитикийн нөхцөл байдлыг дурдаж: “Дэлхийд газрын ховор элементийн эрэлтийг 100 хувь гэж үзвэл нийлүүлэлт ердөө 25 хувьтай. Үүний 80 гаруй хувийг БНХАУ дангаараа хангаж байна. Тиймээс Монгол улс нөөцөө гүйцэд тогтоох, цаашилбал олборлолт хийх хэрэгтэй. Одоогоор манай улсад зургаан орд тогтоогдоод байна” гэсэн юм.
Иргэдийн хувьд төрж өссөн газар нутгаа хөндүүлнэ гэдэг эмзэг асуудал мөн. Иргэдийн дуу хоолойг сонсголд тусгах үүднээс Ховд аймгийн 65, Мянгад сумын 50 иргэнийг урьж оролцуулсан байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!