Гол агуулга:

  • Замын-Үүд боомтоор импортолсон сарнай, лили (сараана) цэцгийн дээжид хийсэн шинжилгээгээр хлорорганик болон фосфорорганик пестицидийн үлдэгдэл илрээгүй гэж ГЕГ мэдээлэв.

  • Амьд цэцэг, гоёл чимэглэлийн ургамлыг импортлохын өмнө эрсдэлийг тооцож “Импортын мэдэгдэл” авч, улсын хилээр лабораторийн шинжилгээнд хамруулан нэвтрүүлдэг.

Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, энэ сарын 5-ны өдөр Замын-Үүд боомтоор импортолсон сарнай болон лили (сараана) цэцгийн дээжинд пестицидийн үлдэгдлийг тодорхойлох шинжилгээг нимгэн үет хроматографийн аргаар хийж гүйцэтгэхэд хлорорганик болон фосфорорганик пестицидийн үлдэгдэл илрээгүй гэсэн хариу гарчээ.

Мөн ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг Монгол Улсад импортлохын өмнө Ургамал хамгааллын газар тухайн бараанд эрсдэлийн үнэлгээ хийж, “Импортын мэдэгдэл” олгодог болохыг ГЕГ онцоллоо.

Амьд цэцэг, гоёл чимэглэлийн ургамлыг гаалийн хилээр нэвтрүүлэхдээ, Мэргэжлийн байгууллагаас олгосон “Импортын мэдэгдэл”, Экспортлогч орны эрх бүхий байгууллагаас олгосон “Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ”, гадаад худалдааны дагалдах баримт бичиг, лабораторийн шинжилгээний дүгнэлт зэргийг бүрдүүлж, лабораторийн шинжилгээнд хамруулсны дараа улсын хилээр нэвтрүүлдэг байна.