“Херо энтертайнмент групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баатарыг өдгөө АТГ, ЭЦА, ТЕГ-аас Эрүүгийн хуулийн нийт долоон зүйл ангид хамаатуулан шалгаж байгаа билээ. Тэрбээр энэ талаар өнгөрсөн 7 хоногт мэдэгдэл хийсэн. Түүнээс хойш өөрийн цахим хуудсаараа дамжуулан үзэл бодлоо илэрхийлсээр байна.
Тэрбээр өнөөдөр:
- Нийгэмд үүсээд байгаа хардалт, сэрдэлтийг нэг мөр дуусгахын тулд шалгуулна гэдэг бол зөв, тийм ч үүрэгтэй. Гэхдээ шалгуулаад хэрэг зөрчил тогтоогдохгүй бол хүнийг хэлмэгдүүлж, буруутгаж болохгүй. Хууль баримтад тулгуурлах ёстой, таамаглалд биш! Ер нь өөр санаа бодолтой байна гэдэг нь гэмт хэрэг биш. Ардчилсан нийгмийн суурь нь үзэл бодлын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөхөд оршдог.
Жишээ нь, би дараах байр суурьтай байж болно.
•Парламентын засаглалыг төгөлдөржүүлэх нь Монголд зөв гэж үздэг.
•Ерөнхийлөгчийн засаглал манайд тохирохгүй гэж боддог.
•Үндсэн хуулийг тодорхой нэг хүнд зориулж өөрчилж болохгүй гэж үздэг.
•Ерөнхийлөгч хүн албан тушаалаа өгсний дараа шууд намдаа буцаж орж, идэвхтэй улс төр хийх нь зохимжгүй гэж боддог.
Эдгээр нь улс төрийн байр суурь, бодлогын тухай үзэл бодол болохоос гэмт хэрэг биш. Хүн ийм байр суурьтай байна гэдгээрээ ялтан болж болохгүй. Би улсын төсвөөс 1 төгрөг ч аваагүй, Оюутолгойгоос 1 доллар ч аваагүй. Байшин сав бариулаагүй, дээрэмдээгүй!" гэсэн байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!