Гол агуулга:
-
ОХУ-тай агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээрийн төслийг өөрчлөлттэйгөөр тохирч, УИХ-аар соёрхон батлуулахаар боллоо.
-
“Рио Тинто”-той хэлэлцээнд зээлийн хүү, менежментийн зардал, форвард гэрээ, Монголын талын эзэмшил 60%-иас доошгүй байх байр суурь тавьсан гэж мэдээлэв.
-
Шатахууны нөөцийн савыг Монголдоо түрээсэлж нөөц бүрдүүлэх, импортлогчдод сав бариулахад 20 тэрбум төгрөгийн хүүгийн татаас олгох асуудлыг ярьж байна.
Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлэл хийлээ. Тэрбээр ОХУ-тай агаарын хөлгийн түлш нийлүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэж, Монголын талаас шаардлагатай өөрчлөлтүүдийг тусган харилцан ойлголцолд хүрснийг мэдээлэв. Хэлэлцээрийг УИХ-аар хэлэлцүүлж, соёрхон батлуулах бөгөөд цаашид ОХУ-аас Монголд шатахууныг тогтвортой нийлүүлэх гэрээний асуудлыг шийдвэрлэх боломж нэмэгдэнэ гэв.
Мөн “Рио Тинто”-той хэлэлцээний хүрээнд менежментийн зардлыг бууруулах, зээлийн хүүг эрс бууруулах, форвард гэрээний шийдэл хэрэгжүүлэх асуудлыг тавьсан гэж мэдээллээ. Ерөнхий сайдын зүгээс Монголын талын хувь эзэмшлийг 60 хувиас доошгүй байлгах хатуу байр суурь илэрхийлсэн, “долоон жил тутам” гэх хугацааны хязгаарлалтыг болиулах талаар ойлголцсон гээд ажлын хэсгийн уулзалт маргааш болно гэв.
Ойрхи Дорнодын нөхцөл байдалтай холбоотойгоор шатахууны нөөц бүрдүүлэх шаардлага нэмэгдсэн тул Монголбанк арилжааны банкуудаар дамжуулан шатахуун импортлогч ААН-үүдэд нөөцийн сав бариулах зээл олгож, 20 тэрбум төгрөгийн хүүгийн татаас үзүүлэх асуудлыг ярьж буй аж. Түүнчлэн “Гадаад улсад сав барина” гэх ойлголт ташаа бөгөөд Монголдоо сав түрээсэлж нөөц бүрдүүлэх асуудлыг эхний ээлжинд хэлэлцэж байгаа гэлээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!