Гол агуулга:

  • Өнөөдрийн байдлаар 135.7 мянган иргэн даатгал, тэтгэврийн сангийн бүтээгдэхүүнд хамрагдаж, 63.4 тэрбум төгрөгийн хуримтлал үүсгэсэн ч зохицуулах хууль эрх зүйн орчин бүрдээгүй байна.

  • Хуулийн төсөл батлагдвал иргэд улсын тэтгэврээс гадна сайн дурын үндсэн дээр нэмэлт хуримтлал үүсгэж, тэтгэврээ нэг удаа, 5–10 жилийн хугацаанд эсвэл насан туршдаа авах боломжтой болно.

Монгол Улсын Засгийн газар тэтгэврийн тогтолцоог олон давхаргат тогтолцоонд шилжүүлэх шинэчлэлийн хүрээнд “Хувийн нэмэлт тэтгэврийн тухай” хуулийн төслийг боловсруулж, олон нийтээр хэлэлцүүллээ. 

Тус хэлэлцүүлэгт ГБХНХЯ, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж болон мэргэжлийн байгууллагын төлөөлөл оролцож хувийн тэтгэврийн олон улсын туршлага, хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөөлөл, Монголд хэрэгжүүлэх боломж ба сорилтын талаар панел хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. 

Манай улсад хувийн тэтгэврийн хуримтлалд хамрагдалт нэмэгдэж байгаа ч хууль эрх зүйн орчин бүрдээгүйгээс иргэдийн эрх зөрчигдөх эрсдэлтэй байгаа талаар холбогдох албаныхан онцолж байна. Учир нь одоогийн байдлаар 135.7 мянган иргэн даатгалын болон тэтгэврийн санд хамрагдаж, нийт 63.4 тэрбум төгрөгийн хуримтлал бий болжээ. 

Хуулийн төсөл батлагдвал ажил олгогч хүний нөөцийн бодлогоороо ажилтны тэтгэврийн хуримтлалыг дэмжих боломж нэмэгдэх, даатгал-тэтгэврийн сангийн хөрөнгө өсөж урт хугацааны дотоодын хөрөнгө оруулалтын эх үүсвэр нэмэгдэх, иргэд хуримтлалаасаа тэтгэврээ сонгон авах эрх зүйн орчин бүрдэх юм.