Гол агуулга:
-
2008 оны ХАБЭА-ийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, ХАБЭА сургалтын журмыг шинэчилж батлав.
-
МШӨ/мэргэжлээс шалтгаалах өвчин/ судлалын эмнэлгийн шинэ барилга ашиглалтад орж, үзлэгийн хүчин чадал 3 дахин нэмэгдэж, жилд 21 мянган хүнд үйлчлэх боломж бүрдсэн.
-
ХАБЭМ-ийн сургалт, бүртгэл, шалгалтын нэгдсэн цахим системийг 2026 оны I улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс салбарын хууль эрх зүй, стандарт, урьдчилан сэргийлэх тогтолцооны шинэчлэлийг талаар мэдээлэл өглөө.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв нь Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөлмөрийн эрүүл ахуй, анагаах ухаан, аюулгүй байдлын мэргэжил, сургалт, судалгааг улсын хэмжээнд зохион байгуулж, ХАБЭА-ийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажилладаг ГБХНХЯ-ны харьяа төрийн үйлчилгээний байгууллага бөгөөд хөдөлмөрийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм.

Тус төв 2008 онд батлагдсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, ХАБЭА сургалт зохион байгуулах журам болон салбарт мөрдөгддөг 38 стандартыг шинэчлэн боловсруулж батлуулсан байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн хуулийн төсөлд
- хөдөлмөрийн эрүүл мэндийн тусламж,
- сэргээн засах үйлчилгээний хүртээмж,
- мэргэжлээс шалтгаалсан өвчний эрт илрүүлэлт,
- эрт оношилгоо,
- хөдөлмөрийн чадвар алдахаас сэргийлэх зохицуулалтыг тусгажээ. Мөн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын давхардлыг арилгах, эрсдэлд суурилсан даатгалын зарчимд шилжих, 400 мянга гаруй хувиараа хөдөлмөр эрхлэгчийг хамруулах эрх зүйн орчныг бүрдүүлсэн байна.
Урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд өндөр эрсдэлтэй салбаруудыг хамруулсан сургалт, зөвлөгөөн, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж, дам нөлөөгөөр 13 мянга орчим хүнд хүрчээ. Мөн “ХАБЭМ-ийн урьдчилан сэргийлэх цогц аян”-аар орон нутаг болон алслагдсан дүүргүүдэд 14 мянга гаруй ажил олгогч, ажилтанд мэдлэг олгосон байна.

Түүнчлэн өнгөрсөн 11 дүгээр сард МШӨ судлалын төрөлжсөн эмнэлгийн 8 давхар шинэ барилгыг ашиглалтад оруулж, тоног төхөөрөмжийн шинэчлэлд 2 тэрбум төгрөг зарцуулснаар урьдчилан сэргийлэх үзлэгийн хүчин чадал 3 дахин нэмэгдэж, жилд 21 мянган хүнд үйлчлэх боломж бүрдсэн байна. Мөн хөдөлмөрийн эрүүл ахуйн лавлагаа лабораторийг шинээр байгуулж, 1.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий 19 нэр төрлийн 100 гаруй тоног төхөөрөмж суурилуулжээ.
ХАБЭМ-ийн сургалтын бүртгэл, мэдээлэл, шалгалтын нэгдсэн цахим системийг хөгжүүлж эхэлсэн бөгөөд 2026 оны I улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!