“Улаанбаатар – Хөрөнгө оруулалт” уулзалт, өдөрлөг энэ сарын 16–20-ны өдрүүдэд үргэлжилнэ. Өдөрлөгийн хүрээнд Улаанбаатар хотын худалдааны танхим “Улаанбаатар түншлэл төв” ХХК-тай хамтран нийслэлд хэрэгжүүлэх мега төслүүдийг өнөөдөр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныханд танилцууллаа.

Тус арга хэмжээ олон улсын болон дотоодын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд нийслэлд хэрэгжүүлэх төр, хувийн хэвшлийн хамтарсан төслүүдийг таниулах, Монгол Улсад үйл ажиллагаа явуулахад шаардлагатай хууль, дүрэм, журмын мэдээлэл өгөх зорилготой. Мөн хөрөнгө оруулалт, санхүүжилт хайж буй аж ахуйн нэгжүүдийг хамаарал бүхий байгууллагуудтай холбож, хамтын ажиллагаа тогтоох боломж бүрдүүлэхээр төлөвлөжээ.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай олон улсын сайн жишгийг дурдан, Улаанбаатар хот томоохон бүтээн байгуулалтаа хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлж байгааг онцолж, агаарын бохирдол, авто замын түгжрэлийн асуудлыг шийдэх шинэ төсөл, санаачилгыг хүлээн авахад бэлэн гэв.