Гол агуулга:
-
Хоршооны зээлийг 4 банкаар дамжуулан олгосон, одоогоор зээл олголт зогссон байна.
-
Хяналт шалгалт эхэлж, нийт зээлийн 20 орчим хувийг хэрэглээнд зарцуулсан байж болзошгүй гэж үзэв.
-
Цаашид бэлчээрээ зөв ашигласан малчдад л хөнгөлөлттэй зээл олгож, нүүрстөрөгчийн зах зээлтэй холбохоор төлөвлөж байна.
Шадар сайд Х.Ганхуяг Засгийн газрын хуралдаанаар "Уур амьсгалын Үндэсний хороо"-ны чиглэл өөрчлөх тухай тогтоолын төслийг танилцуулахаар бэлтгэж байгаа талаараа мэдээлэл өглөө. Энэхүү өөрчлөлтөөр “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг уур амьсгалын бодлоготой уялдуулж, бэлчээрийн тогтвортой менежмент, ойжуулалт, экосистемийн нөхөн сэргээлтэд суурилсан нүүрстөрөгчийн төслүүдийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэлээ.
Мөн “Шинэ хоршоо хөдөлгөөн"-ийг төсвөөс хараат бус, малчид өөрсдөө бэлчээр, байгаль орчноо хамгаалж шууд үр шимээ нүүрстөрөгчийн төслөөр дамжуулан олон улсын зах зээлээс ашиг шимийг нь хүртдэг байхаар бодлогын чиглэлийг тодорхойлсон. Үүний зэрэгцээ “Нүүрстөрөгчийн Үндэсний бүртгэлийн систем”-ийг бүрдүүлж, Монгол Улсад хэрэгжих нүүрстөрөгчийн төсөл хөтөлбөрийг нэгдсэн, ил тод, засаглалын тогтвортой байдлаар хангахыг зорьж байна гэдгийг Шадар сайд онцоллоо.
Шадар сайд Х.Ганхуяг энэ талаараа "Шинэ хоршоо”-ны зээлийн 20-30 хувь нь хэрэглээний зээл рүү орсон байх магадлалтай. Тиймээс энэ зээлийг яг одоогийн хэлбэрээр нь цаашид үргэлжлүүлэх боломжгүй. Зээлийг дөрвөн банкаар дамжуулан олгож байсан ч одоогоор зогсоосон. Хяналт шалгалтын дараа зээлийг үргэлжлүүлэн олгох эсэхийг шийдвэрлэнэ" гэлээ.
"Шинэ хоршоо”-ны зээлийн талаарх малчдын санал хүсэлтийг И-Монголоор дамжуулан авахаар төлөвлөж, худалдааг дэмжих хүрээнд CU сүлжээ дэлгүүрээр нэг лангууг малчдын бүтээгдэхүүн борлуулахад зориулж хамтран ажиллах санал тавьсан байна.
Цаашдын бодлогыг хоёр чиглэлд төвлөрүүлнэ гэв. Нэгдүгээрт, бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг нүүрстөрөгчийн зах зээлтэй холбож, малчдад нэмэлт орлогын боломж бүрдүүлэх зорилго тавьжээ. Энэ зах зээлийг бүртгэлжүүлэх цахим системийг хөгжүүлэхэд 3 сая орчим ам.доллар шаардлагатай гэж тооцсон байна. Хоёрдугаарт, агуулах, тээврийг хариуцах “дундын хоршоо”-ны тогтолцоог хөгжүүлэхээр төлөвлөжээ.
Шадар сайд 11 аймагт ажиллахдаа сайн ажиллаж буй хоршоод байгааг онцолж, махны экспорт өссөнд хоршоод тодорхой хувь нэмэр оруулсан гэж дүгнэв. Гэвч хэрэглээний зээлийг төрөөс дэмжих нь зохисгүй гэсэн байр суурь илэрхийллээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!