Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр, сургуулийн өмнөх боловсролд эрэгтэй хүүхдийн эзлэх хувь 51, ерөнхий боловсролд 50 хувь байна. Харин техникийн болон мэргэжлийн боловсролд эрэгтэй суралцагч 66 хувь хүрсэн бол их, дээд боловсролын түвшинд эрэгтэй оюутнууд 38 хувь байна.

Хөдөлмөр эрхлэлтийн хувьд эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин 66.1 хувь гэжээ. Мөн хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 58.2 хувь нь эрэгтэй, аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалд ажиллагсдын 59 хувь нь эрэгтэй гэж танилцуулсан байна. Цалин нь дунджаар 3.0 сая төгрөг. 

Эрэгтэйчүүдийн давамгай ажилладаг салбар бол барилга 89.2 хувь, уул уурхай, олборлолтод 84 хувь, тээвэр ба агуулахын үйл ажиллагаанд 82 хувь байна. Үүний араас усан хангамж, хог хаягдлын менежмент 79.6 хувь, цахилгаан, хий, уур агааржуулалт 79.1 хувь зэрэг салбар оржээ.

Нөгөө талд “Монгол эрчүүд” сэдвийн статистикт эрэгтэйчүүдийн дундаж наслалт 67.9, хамгийн өндөр нас 106 гэжээ. 2025 онд төрсөн хүүхдийн 51.7 хувь нь эрэгтэй байна. “Цэрэг” нэртэй 18 хүн бүртгэгдсэн бөгөөд “Эрзориг” 44, “Хүү” 19, “Дайчин” 13, “Хурандаа” 13 зэрэг “сонирхолтой нэршил”-тэй иргэдийн тоог мөн танилцуулсан байна.