АНУ-ын Төрийн департамент визийн хугацаа хэтрүүлэх эрсдэлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй “визийн бонд” хөтөлбөрт Монгол Улсыг хамруулсан талаар АНУ-ын Элчин сайдын яам мэдээлжээ. Уг зохицуулалт 2026 оны 4 дүгээр сарын 2-ноос хүчин төгөлдөр хэрэгжинэ.

Тус яамнаас мэдээлж байгаагаар, Монголын паспорттой бөгөөд B1/B2 визийн үндсэн шаардлагыг хангаж байгаа виз мэдүүлэгчээс виз олгохоос өмнө 5,000, 10,000 эсвэл 15,000 ам.долларын барьцаа байршуулахыг шаардах бөгөөд хэмжээг визийн ярилцлагын үеэр консул тогтоох аж.

Барьцааг байршуулах албан ёсны зааврыг консулаас авсны дараа төлөх ёстой бөгөөд гуравдагч этгээдийн цахим хуудсаар дамжуулан төлбөр хийхгүй байхыг анхааруулсан байна. Бондыг бүрэн байршуулаагүй тохиолдолд B1/B2 виз олгох боломжгүй гэжээ.