Монголбанкны Мөнгөний бодлогын хороо энэ сарын 18, 20-нд ээлжит хурлаа хийж, бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.

Энэ талаар Мөнгөний бодлогын хорооны гишүүн Р.Даваадорж мэдээлэхдээ, эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн нөхцөл байдал болон дотоод, гадаад орчны эрсдэлийг харгалзан үзсэн гэж онцолсон байна.

Мөн өмнөх онд хэрэгжүүлсэн мөнгөний бодлогын нөлөөгөөр инфляц буурч, 2026 оны хоёрдугаар сарын байдлаар 6.5 хувьд хүрч, зорилтот интервалд дөхөөд байна. Инфляц буурахад хүнснээс бусад бараа, үйлчилгээний үнийн өсөлт саарсан нь голлон нөлөөлжээ.

Гэхдээ сүүлийн үед хүнсний барааны үнэ өсөж байгаа нь инфляцыг дахин нэмэгдүүлэх эрсдэл дагуулж байгааг анхаарууллаа. Түүнчлэн шатахуун, мах, хүнсний ногооны үнийн өсөлт цаашдын инфляцын төлөвт нөлөөлж болзошгүйг дурдав.

Мөнгөний бодлогын хороо 2025 оны гуравдугаар сард бодлогын хүүг хоёр нэгж хувиар нэмэгдүүлж 12 хувьд хүргэснээс хойш нэг жилийн хугацаанд энэ түвшинг хадгалж байна.