Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр олон улсын нөхцөлөөс шалтгаалсан эдийн засаг, нийгмийн хямралын үед төсөв, санхүүгийн удирдлагыг уян хатан хэрэгжүүлэхтэй холбоотой хуулийн төслийг Засгийн газрын 3-р сарын 25-ны хуралдаанд оруулж, УИХ-д нэн яаралтай хэлэлцүүлэх горимоор өргөн мэдүүлнэ гэж мэдэгдлээ.

Төсөлд төрийн байгууллагуудад хэмнэлтийн онцгой дэглэм тогтоох, бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох, төсөв санхүүгийн сахилга батыг чангатгах, давхардсан чиг үүргийг шилжүүлэх, төрийн өмчит компанийн цэгцлэлт хийх, өр авлагыг барагдуулах зэрэг зохицуулалт тусгахаар төлөвлөжээ. Мөн санхүүгийн үзүүлэлтийг тогтмол шинжилж, Монголбанк, Сангийн яам, ЭЗХЯ-ны бодлогын уялдаа холбоог ханган, шаардлагатай тохиолдолд төсвийн тодотгол хийх бэлтгэл ажил эхлүүлнэ гэж тайлбарлав.

Ойрхи Дорнод дахь мөргөлдөөн манай улсын эдийн засагт нөлөөлөх эрсдэлтэй тул цар тахлын үеийн жишгээр “дайны үеийн” зохицуулалт бүхий хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр тогтсон гэж дурдав. Үүнтэй зэрэгцэн эрчим хүчний нөөц, шатахууны бэлэн байдал, хаврын тариалалтын хэрэгцээ, хүнс, эмийн нөөц, стратегийн бараа бүтээгдэхүүний худалдан авалтад онцгой анхаарахаа хэллээ.

Мөн Ерөнхий сайдын захирамжаар гадаад орчинд үүсэж буй нөхцөлөөс шалтгаалсан хямралыг хохирол багатай даван туулах, онцгой үед авах арга хэмжээний санал боловсруулах зөвлөл байгуулж, уг зөвлөлийг Ж.Энхбаяр ахалж буй. Зөвлөлийн хурал өнөөдөр болж, Ерөнхий сайд Г.Занданшатар тодорхой үүрэг чиглэл өгсөн гэж мэдээлэв.