Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг цагдаагийн албан хаагчдын цалингийн төсвийг зориулалт бусаар зарцуулсан гэх цацагдсан. Тэгвэл  ХЗДХЯ-аас 2023 онд цагдаагийн нийт 10 мянга гаруй албан хаагчдад 6.5 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон гэв. 

ХЗДХЯ-аас, Цагдаагийн Ерөнхий газрын 2023 оны төсвийн жилийн цалингийн сангийн хэмнэлт болох 6.5 тэрбум төгрөгийг цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагад улсын хэмжээнд ажиллаж буй мэргэжилтэн, жолооч, тогооч, үйлчлэгчээс эхлээд анхан шатны нэгжүүдийн нийт 10.971 албан хаагчдад тус бүр 600.000 төгрөгийг 13 дахь сарын цалингийн урамшуулал хэлбэрээр 2023 онд олгосон.

Гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангахад идэвх, зүтгэл гарган ажиллаж буй цагдаагийн албан хаагчдад дээрх урамшууллыг олгохдоо Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчдад мөнгөн урамшуулал олгох журам”, Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 заалтыг тус тус үндэслэсэн болно.

Иймд цагдаагийн байгууллагын цалингийн төсвийг зориулалт бусаар зарцуулсан гэдэг нь ор үндэслэлгүй, худал ташаа, бодит байдлыг илтэд мушгин гуйвуулсан улс төрийн зорилготой мэдээлэл болохыг мэдэгдэж байна гэлээ.