Ойн тухай хуульд зааснаар ”Түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвсгэрт ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн 03 дугаар сарын 20-ны өдрөөс 06  дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлдэг. Хаврын ой, хээрийн гал түймрийн аюулын үнэлгээгээр нийт нутгийн 0.47 хувь маш их, 3.06 хувь  их, 8.07 хувь  дунд аюулын түвшинд байна. 

Өнөөдрийн байдлаар дараах газруудад гарч, заримыг нь унтраагаад байна.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай баг “Шоргоолж” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд 190 км, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км/ Ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 03.23-ны өдрийн 13:20 цагт хүлээн авчээ.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан “Хүдэр нумт” ХХК-ийн ажилтнууд унтраах ажиллагааг зохион байгуулж, 03.23-ны өдрийн 22:26 цагт цурамд оруулан, 03.24-ний өдрийн 11:20 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 6 га талбай өртөж шатсан байна. 

Хөвсгөл аймгийн Түнэл сумын Зуны гол багийн “Бага-Өлийн дэлэн” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120 км, сумын төвөөс зүүн урд зүгт 85 км/ Ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 03.24-ний өдрийн 19:00 цагт хүлээн авчээ.  Тус аймгийн Онцгой байдлын газрын 27 дугаар анги, сумын Мэргэжлийн ангийнхан, зуны гол багийн Засаг даргаар ахлуулсан, Их-Уул сумын  нийт 58 хүн, 4 автомашинтай ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 9 га талбай өртөж шатжээ.

Ховд аймаг, Дөргөн сум Агваш багийн "Дэнж" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 120 км, сумын төвөөс урд зүгт 20 км, Чандмань сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км/  "Дөргөн" нуурын аралд хулс /зэгс/ шатаж байна гэсэн дуудлагыг 03.23-ны өдрийн 17:30 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын  алба хаагчид, Байгаль орчны газрын нийт 30 хүн, 4 автомашинтай хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, 03.24-ний өдрийн 22:00 цагт цурамд оруулан, 03.25-ны өдрийн 04:00 цагт бүрэн унтраасан байна.

Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум 4 дүгээр багийн “Шахайн ширээ” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 160 км, сумын төвөөс баруун зүгт 50 км/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 03.24-ний өдрийн 11:20 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын  алба хаагчид, Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид, сумын Мэргэжлийн анги, орон нутгийн нийт 70 хүн, 24 автомашин хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 16:39 цагт цурамд оруулжээ. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 3600 га талбай өртөж шатсан байна.

Сүхбаатар аймаг, Түмэнцогт сум 1 дүгээр багийн "Жавхлант" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 110 км, сумын төвөөс урд зүгт 28 км/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 03.24-ний өдрийн 14:10 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Мөнххаан сумын Мэргэжлийн ангийнхан, “Хунт өгөөж” жоншны уурхайн  ажилтнууд, орон нутгийн  нийт 63 хүн, 13 автомашинтай хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 17:15 цагт цурамд оруулан 20:00 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 300 га талбай өртөж шатжээ.