Олон улсын эрчим хүчний агентлаг 2022 онд Орос, Украины дайн дэгдсэний дараа газрын тосны хэрэглээг танах 10 зүйлт төлөвлөгөө гэх зүйлийг боловсруулан, санал болгож байв. ОХУ бол дэлхийн гурав дахь том газрын тос үйлдвэрлэгч, хамгийн том газрын тос экспортлогч орон. Иймд Украин дахь дайнтай холбоотойгоор газрын тосны зах зээл өнөөдрийнхтэй ижил хэлбэлзэж, хямарч байв.

Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс болж газрын тосны хямрал нүүрлээд буй учир Олон улсын эрчим хүчний агентлагийн боловсруулж байсан 10 зүйлт төлөвлөгөөг эргэн сануулж байна.


1.Автомашины хурдны замаар давхих хурдны дээд хязгаарыг дор хаяж 10 км/цагаар бууруулах

Дэлхийн улс орнуудад хурдны замын хурдны дээд хязгаар 100-135 км/цагийн хооронд хэлбэлздэг. Тухайлбал, АНУ-д хурдны замаар зорчих дундаж хурд 110 км/цаг байдаг бол Европын холбоонд 100-140 км/цаг байдаг. Харин Германд хурдны зам дээр тодорхой хурдны хязгаар байдаггүй. 1973 оны газрын тосны хямралын дараа автомашины хурдны дээд хязгаарыг бууруулах арга хэмжээг цөөнгүй улс хэрэгжүүлж байв.

Тэгвэл автомашины хурдны зам дээрх хурдны хязгаарыг ердөө 10 км/цагаар бууруулахад өдөрт 290 орчим килобаррель газрын тосны хэрэглээг хэмнэх боломжтой. Харин хүнд даацын ачааны машинууд хурдаа 10 км/цагаар бууруулахад өдөрт 140 килобаррель газрын тос хэмнэнэ.


2.Ажлын өдрийг гурав болгож бууруулах 

Covid-19 цар тахлаас өмнө хөгжингүй орнуудын иргэд ажил руугаа хувийн машинаар ирж очсоноор өдөрт ойролцоогоор 2.7 сая баррель газрын тос хэрэглэдэг байжээ. Харин ажлын өдрийг цөөлж, гэрээсээ ажиллах боломжийг дэмжсэнээр бүтээмжийг бууруулахгүйгээр нефтийн хэрэглээг багасгах боломжтой. Үүний зэрэгцээ дулааны улиралд машиндаа агааржуулагч ажиллуулах нь түлшний хэрэглээг улам нэмэгдүүлдэг. Тиймээс дулааны улиралд гэрээсээ ажиллах нь нефтийг илүү их хэмнэнэ.

Олон улсын эрчим хүчний агентлагийн тооцоолсноор, нэг өдөр гэрээсээ ажиллахад 170 мянган баррель газрын тос хэмнэнэ. Харин долоо хоногт гурван өдөр гэрээсээ ажиллавал 500 мянган баррель хэмнэнэ гэж үзжээ.


3.Ням гаригийг автомашингүй өдөр болгох

1973 оны газрын тосны хямралын үеэр зарим улс орон автомашингүй Ням гариг гэх арга хэмжээг хэрэгжүүлж байв. Торгууль ногдуулах, зам хаах зэрэг зохицуулалт хийх замаар уг арга хэмжээг хялбархан хэрэгжүүлэх боломжтой. Түүнчлэн автомашингүй өдрийг зохион байгуулснаар агаар цэвэрших, дуу чимээний бохирдол буурах, замын аюулгүй байдал сайжрах, иргэдийн эрүүл амьдралын хэв маягийг дэмжих зэрэг давуу талтай.

Уг арга хэмжээг том хотуудад Ням гариг бүр хэрэгжүүлбэл өдөрт ойролцоогоор 380 мянган баррель газрын тос хэмнэнэ. Харин сардаа нэг удаа автомашингүй өдрийг зохион байгуулбал 95 мянган баррель газрын тос хэмнэх юм.


4.Нийтийн тээврийн үнийг хямдруулж, алхах, дугуй унах зэргийг дэмжих

Нийтийн тээвэр хөгжсөн улс орнууд автобус, метро, хөнгөн галт тэрэгний үнийг бууруулах арга хэмжээг авч болно. Мөн дугуйн зам, явган хүний замыг өргөтгөх зэрэг стратегийг хөгжүүлэхийн зэрэгцээ иргэдийг алхах, дугуй унахыг нь дэмжих арга хэмжээ авч болно. Бельги, Франц, Итали зэрэг оронд иргэд дугуй худалдаж авсан тохиолдолд тэтгэмж авдаг.

Covid-19-ийн дараах тогтвортой эдийн засгийн сэргэлтийн төлөвлөгөөний хүрээнд улс орнууд нийтийн тээвэр болон алхалт, дугуй уналтыг дэмжих дэд бүтцийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсэн. Жишээлбэл, Франц улс дугуйн зам барихад 500 сая евро төсөвлөж байв. Мөн Милан хот 2021 онд автомашины хөдөлгөөнд ашиглагдаж байсан 35 км замыг дугуйн зам болгон өөрчилж, 2035 он гэхэд 750 км тусгаарлагдсан зам байгуулах зорилт тавьжээ.

Дээр дурдсан арга хэмжээнүүд нь өдөрт ойролцоогоор 330 мянган баррель газрын тос хэмнэнэ гэж Олон улсын эрчим хүчний агентлаг тооцоолжээ.


5.Автомашины улсын дугаарын хязгаарлалтыг нэвтрүүлэх

Автомашиныг улсын дугаараар нь ангилж зорчуулах арга олон улсад амжилттай хэрэгжсээр ирсэн түүхтэй. 1973 оны газрын тосны хямралын үед Итали улс автомашиныг тэгш, сондгойгоор зорчуулах аргыг хэрэгжүүлж байв. Улмаар улс орнууд 1980-аад оноос хойш ийм арга хэмжээг замын түгжрэл болон агаарын бохирдлыг бууруулах зорилгоор үе үе хэрэгжүүлдэг болжээ.

Гэхдээ нийтийн тээвэр хөгжөөгүй оронд ийм зохицуулал хийх нь төдийлөн тохиромжтой бус. Мөн нэг машинтай, орлого багатай өрхүүдэд энэ арга хэмжээ хүндрэл учруулж болзошгүй. Нийтийн тээвэр сайн хөгжсөн орнуудад ийм хязгаарлалтыг хэрэгжүүлбэл өдөрт ойролцоогоор 210 мянган баррель газрын тос хэмнэх боломжтой.


6.Машинаа дундаа хэрэглэхийг зөвлөх

Ойролцоо чиглэлд явдаг хүмүүс нэг машинд хамт явах нь газрын тосны хэрэглээг бууруулж, мөнгө хэмнэх нэг арга юм. Машинаа дундаа хэрэглэж буй хүмүүсийг засгийн газраас дэмжиж болно. Ингэхдээ замын тусгай эгнээ гаргаж өгөх, олон хүн дундаа хэрэглэж буй автомашины замын төлбөрийг бууруулах зэрэг байдлаар дэмжих боломжтой. Машинаа дундаа хэрэглэх аргыг илүү дэвшилтэт байдлаар зохион байгуулахад зориулсан "BlaBlaCar", "Liftshare", "Scoop", "TripBuddy", "ecov", "GoKid" зэрэг аппликейшнүүд бий.

Хөгжингүй орнуудад 10 аялал тутмын нэгд нь энэ аргыг хэрэгжүүлснээр өдөрт 470 мянган баррель газрын тос хэмнэх боломжтой.

7.Ачааны машины тээвэр, бараа хүргэлтийг илүү оновчтой болгох

Машины засвар үйлчилгээг сайжруулах, хоосон явахгүй, дүүрэн ачаатай явах, эко жолоодлогыг хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж болно. Ялангуяа олон машинтай хүргэлтийн үйлчилгээний компаниуд эко жолоодлогыг нэвтрүүлэхэд илүү тохиромжтой. Эко жолоодлого нь зөвхөн түлш хэмнэхээс гадна шатахууны зардал, машины засвар үйлчилгээний зардлыг бууруулна.

Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлснээр өдөрт ойролцоогоор 320 мянган баррель нефть хэмнэх боломжтой.

8.Онгоцны оронд өндөр хурдны, эсвэл шөнийн галт тэрэг ашиглах 

1000 км-ээс богино зайд хотуудын хооронд онгоц нисгэхийн оронд хурдны галт тэрэг явуулбал ашигтай. Хөгжингүй орнуудад нийт нислэгийн ойролцоогоор хоёр хувийг галт тэргээр орлуулах боломжтой. Галт тэрэг нь эдийн засгийн хувьд ашигтайгаас гадна хурдан, тухтай, найдвартай зэрэг олон давуу талтай. Олон улсын эрчим хүчний агентлагийн тооцоолсноор, нислэгийн тоог багасгаж, галт тэрэг ашигласнаар өдөрт 40 мянган баррель газрын тос хэмнэх боломжтой.

9.Бизнес ангиллаар нисэхээс зайлсхийх 

Онгоцны багтаамжийг харгалзан үзвэл бизнес ангиллын зорчигчид экономи ангиллын зорчигчдоос ойролцоогоор гурав дахин их газрын тос хэрэглэдэг. Бизнес ангиллаар нисэхийн оронд виртуал уулзалтыг хэрэгжүүлбэл үр дүнтэй. Covid-19-ийн үеийн туршлагаас харвал богино хугацаатай бизнесийн зорилготой таван нислэг тутмын хоёрыг нь алгасах боломжтой. Яг энэ арга замаар нүүрстөрөгчийн ялгарлыг 70 хувь хүртэл бууруулах зорилтыг "HSBC", "Zurich Insurance", "Bain & Company", "S&P Global" зэрэг хэд хэдэн томоохон компани зарлаж байв. Бизнес ангиллаар нисэхээс зайлсхийх замаар өдөрт 260 мянган баррель газрын тос хэмнэх боломжтой. 

10.Цахилгаан автомашин хэрэглэх

2021 оны тооцооллоор хөгжингүй орнуудад 8.4 сая цахилгаан машин байжээ. Цахилгаан автомашины хэрэглээг дэмжих нь урт хугацаандаа түлшний хэмнэлтийн үр дүнтэй бодлого мөн. Өнөөдрийн байдлаар Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгчдийн хувьд Ойрхи Дорнодын үймээн самуун цагаа олсон явдал болж байна. Хятадад бүртгэлтэй нийт автомашины 12 орчим хувь нь цахилгаан автомашин байна. Мөн нийт зарагдаж буй шинэ автомашины 50 хувь нь цахилгаан автомашин байна. Энэ олон тооны цахилгаан автомашин өнгөрсөн жил тус улсын газрын тосны хэрэглээг 10 орчим хувиар бууруулжээ.

ЭХ СУРВАЛЖ: IEA