Сүүлийн жилүүдэд цахилгаан тамхины талаар маргаан их байгаа ч АНУ-ын Массачусетсийн Их Сургуулийн “Нийгмийн Эрүүл мэнд, Эрүүл мэндийн шинжлэх ухаан”-ы сургуулиас танилцуулсан шинэ судалгааны дүн нэг чухал зүйлийг тодорхой харуулж байна.
НИКОТИН АГУУЛСАН ЦАХИЛГААН ТАМХИ НЬ НАСАНД ХҮРЭГЧДЭД ТАМХИНААС ГАРАХАД БОДИТООР ТУСАЛЖ БАЙНА.
Эрүүл мэндийн бодлого судлаач Жэйми Хартман-Бойс тэргүүтэй судлаачид 2014–2023 оны хооронд хийгдсэн олон нийт 109 судалгааг багтаасан 14 системчилсэн тойм, 21 мета-анализыг харьцуулж үзэхэд нэг ижил дүгнэлт гарсан байна: никотинтой цахилгаан тамхи хэрэглэсэн хүмүүс бусад аргыг хэрэглэсэн хүмүүсээс илүү амжилттайгаар тамхинаас гарчээ.
Тодруулбал, никотин орлуулах уламжлалт аргууд болох наалт, бохьтой харьцуулахад цахилгаан тамхи нь тамхинаас гарах амжилтыг 20–40 хувиар нэмэгдүүлсэн байна. Харин никотингүй төхөөрөмжтэй харьцуулахад бүр 46 хувиар илүү үр дүнтэй байжээ.
Судалгааны багийн хэлснээр, энэ нь цахилгаан тамхи зөвхөн никотин өгдөгтэй холбоотой биш. Тамхи татах дадалд гар-ам руу хүргэх хөдөлгөөн, хоолойд мэдрэгдэх мэдрэмж, уур гаргах зэрэг “мэдрэхүйн зуршлууд” чухал үүрэгтэй байдаг. Цахилгаан тамхи эдгээрийг тодорхой хэмжээнд орлуулж чаддаг бол наалт, бохь зэрэг нь зөвхөн никотин өгдөг тул ийм нөлөө багатай.
Гэхдээ судлаачид нэг чухал анхааруулгыг онцолж байна. Цахилгаан тамхи нь тамхинаас гарахад тусалж болох ч өөрөө огт эрсдэлгүй биш юм.
Гэсэн ч нэг чухал харьцуулалт байна: цахилгаан тамхины эрсдэл нь уламжлалт янжуур тамхины эрсдэлтэй харьцуулахад маш бага. Ялангуяа дам тамхидалтын хувьд, цахилгаан тамхины уур нь бусдад үзүүлэх хор нөлөө нь тамхины утаанаас хамаагүй бага гэж үзжээ.
Нөгөө талаас, өсвөр насныхны хэрэглээ нэмэгдэж байгаа нь хамгийн том болгоомжлол хэвээр байна. Судлаачид “тамхи татдаггүй хүмүүс, ялангуяа залуу үе цахилгаан тамхи хэрэглэх” эрсдэлд анхаарах шаардлагатайг онцолсон байна.
Судалгааны гол мессеж энгийн: “цахилгаан тамхи төгс шийдэл биш ч, тамхинаас гарахад бодит тус хүргэж чаддаг нэг хэрэгсэл мөн” гэжээ.
Өнөөдөр утаат янжуур тамхи татдаг хүмүүсийн тал орчим нь энэ зуршлаас үүдэн нас бардаг гэдгийг судлаачид сануулж байна. Тиймээс аль арга илүү үр дүнтэй вэ гэдгийг баримтад тулгуурлан ойлгох нь чухал болж байна.
Эх сурвалж: https://www.umass.edu/public-health-sciences/news/e-cigarettes-more-successful-helping-smokers-quit
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!