Ерөнхий сайд асан Г.Занданшатар “Оюу толгой” компаниас ус бохирдуулсны төлбөрөө төлөхийг шаардсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэрбээр тус компанид хандан байгаль орчны хариуцлагаа биелүүлэхийг сануулж, холбогдох төлбөрийг барагдуулах шаардлага тавьсан юм.

Усны газрын дарга З.Батбаяр энэ асуудлаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Оюутолгой” компани үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш ус бохирдуулсны төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй хэмээн шүүмжиллээ. Мөн Г.Занданшатарыг огцруулсны дараагаас компанийн зүгээс ус ашигласантай холбоотой мэдээлэл түгээж, “ус ашигласан” болон “ус бохирдуулсан” гэх хоёр өөр ойлголтыг зориуд хольж тайлбарлан олон нийтийг төөрөгдүүлэх оролдлого хийж байна гэж үзжээ.

Тэрбээр цааш нь:

“Банкууд хүртэл ус бохирдуулсны төлбөр төлж байхад хамгийн их ус хэрэглэдэг 10 компанийн нэг болох ‘Оюу толгой’ энэ хариуцлагаас зугтаж байгаа нь шударга бус. Дахин хэлье, Ерөнхий сайд асан Г.Занданшатар тус компаниас ус ашигласны биш, харин БОХИРДУУЛСНЫ төлбөр нэхсэн” хэмээн онцолсон байна.

Оюу толгой компанитай холбоотой уг асуудал нь байгаль орчны хариуцлага, усны нөөцийн зохистой ашиглалт, хууль эрх зүйн хэрэгжилтийн хүрээнд олон нийтийн анхаарлыг татсаар байна.

Энэхүү асуудалд холбогдох байгууллагууд цаашид тодорхой тайлбар өгч, шийдвэрлэх шаардлагатай гэж шинжээчид үзэж байна.