Монгол Улсын шатахууны зах зээлд бүтээгдэхүүний төрлөөс хамааран үнийн ялгаатай хөдөлгөөн ажиглагдаж байна. ОХУ-ын "Роснефть" компанитай байгуулсан урт хугацааны гэрээний хүрээнд Аи-92 автобензиний үнийг тодорхой түвшинд барьж байгаа бол дизель түлш болон Аи-95 бензиний үнэ дэлхийн зах зээлийн нөлөөгөөр эрчимтэй өсөж байна.
Тодруулбал, ОХУ-ын үндсэн нийлүүлэгчтэй хийсэн хэлэлцээрийн үр дүнд Аи-92 шатахууны хил үнийг 705 ам.долларт тогтворжуулсан байна. Ингэснээр тус төрлийн шатахууны жижиглэн борлуулалтын үнэ гадаад зах зээлийн савлагаанаас хамааралгүйгээр тогтвортой байх нөхцөл бүрджээ. Харин дизель түлшний үнэ 2026 оны 3 дугаар сарын сүүлээс эхлэн шат дараалан нэмэгдээд байна.
3 дугаар сарын 26-нд литр тутамдаа 300-400 төгрөгөөр нэмэгдэж, 3140-3490 төгрөг болсон бол 4 дүгээр сарын 4-5-ны өдрүүдэд дахин 400-500 төгрөгөөр нэмэгдсэнээр Улаанбаатар хотод 3490-3990 төгрөгт хүрчээ. Аи-95 бензины хувьд мөн хугацаанд литр тутам нь 3810 төгрөг байснаас 4100 төгрөг болж өсөөд байна.
Түүнчлэн тээвэрлэлтийн зардал болон логистикийн хүчин зүйлээс хамаарч орон нутагт дизель түлшний үнэ хотоос өндөр түвшинд байна. Увс аймаг: 4500₮/литр, Дорнод аймаг: 4200₮/литр үнэтэй байна.
Аи-92-ын үнийг хил үнээр тогтворжуулсан нь инфляцын дарамтыг тодорхой хэмжээнд бууруулах ач холбогдолтой ч, үйлдвэрлэл болон тээврийн гол зардал болох дизель түлшний үнийн өсөлт нь цаашид өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний өртөгт нөлөөлөх эрсдэлтэй байна.
Барилга уул уурхай газар тариалангийн гол түлш нь дизель. АИ92 бол арай ач холбогдол багатай.