УИХ-ын гишүүн Х.Ганхуяг шинээр томилогдсон Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэж өгчээ.
Х.Ганхуяг Шадар сайдаар ажилласан 5 сарын хугацаанд салбарын 5 том хуулийн төслийг шинэчлэн боловсруулж УИХ-аар 2 хуулийн төслийг амжилттай батлуулжээ.
Мөн Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад олгодог мөнгөн урамшууллыг 15 -105 хувиар нэмэгдүүлж, амь нас, эрүүл мэнд хохирох өндөр эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчид мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталжээ.
Улсын хэмжээнд гал түймэр унтраах 6 шинэ анги байгуулахаар төлөвлөж шаардлагатай хөрөнгийг улсын нэгдсэн төсөвт тусгуулан, нийслэл хотод гал түймрийн тохиолдлыг хяналтын камераар илрүүлж шуурхай ажиллах “Нэгдсэн удирдлагын төв” байгуулах ажлуудыг эхлүүлсэн бол Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дээр ажиллаж шинэчлэн боловсруулсан байна.
Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн 9 аймагт газар дээр нь ажиллаж, шаардлагатай арга хэмжээг шуурхай авсны үр дүнд зудын эрсдэлээс сэргийлж өвлийг хохирол бага, өнөтэй давж чаджээ.
Түүнчлэн Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 27 дугаар хуралдааныг зохион байгуулж Оросын Байгалийн нөөц, экологийн сайд, Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козловтой уулзан, шатахууны нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүлэх дээд түвшний хэлэлцээрийг амжилттай хийжээ.
Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг батлуулж, Эрээн – Замын-үүд Чөлөөт бүсийн газар олголтын асуудлыг цэгцэлж, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, хөрөнгө оруулалт татах, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэв. Алтанбулаг чөлөөт бүсийн дэд бүтцийн ашиглалт, аж ахуйн үйл ажиллагааны менежмент хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтыг эхлүүлжээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!