Монгол Улсын иргэн А.Амундра нэр бүхий улстөрч, бизнесмэнтэй холбоотой байж болзошгүй авлигын хэргийг илчилж, хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ.

Тэрбээр албан мэдэгдэлдээ Авлигатай тэмцэх газар (АТГ) болон прокурорын байгууллагад мэдүүлэг өгөхөд бэлэн байгаагаа онцолсон байна. Гэвч Монгол Улсад ирж мэдүүлэг өгөх нь өөрийн болон гэр бүлийнх нь эрүүл мэнд, амь насанд заналхийлэх эрсдэлтэй гэж үзэж байгаа тул гэрч, хохирогчийг хамгаалах хөтөлбөрт хамруулах хүсэлт гаргажээ.

Энэ талаар А.Амундра мэдэгдэлдээ:

“Монгол Улсын иргэн А.Амундра миний бие нэр бүхий улстөрч, бизнесмэнтэй холбоотой авлигын хэргийг илчилж, АТГ, прокурорын байгууллагатай хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлж байна. Гэвч одоогийн нөхцөл байдлын хувьд Монгол Улсад очиж, АТГ-т мэдүүлэг өгөхөд миний болон миний гэр бүлийн эрүүл мэнд, амь насанд заналхийлэх, эрсдэл учрах магадлалтай гэж үзэж байгаа тул гэрчийн хамгаалалтад намайг болон гэр бүлийг минь авахыг хүсэж байна” хэмээн дурдсан байна.

Монгол Улсад гэрч, хохирогчийг хамгаалах асуудлыг “Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль”-аар зохицуулдаг. Уг хуулийн дагуу:

  • Гэрчийн аюулгүй байдлыг хангах,
  • Нууцлал хамгаалах,
  • Түр байрлуулах,
  • Хувийн мэдээллийг нууцлах,
  • Шаардлагатай тохиолдолд хамгаалалтын тусгай арга хэмжээ авах зэрэг боломжуудыг хууль хяналтын байгууллагууд хэрэгжүүлэх эрхтэй байдаг билээ.