АНУ-ын репп дуучин Kanye West-ийг Их Британид нэвтрэх, Лондон хотноо болох “Wireless” хөгжмийн наадамд оролцохыг хоригложээ.

Энэ шийдвэр нь түүний өмнө нь еврейчүүдийг үзэн ядсан утгатай мэдэгдэл хийж, нацизмыг сурталчилсан үйлдлүүдтэй холбоотойгоор гарсан байна.

Наадмыг зохион байгуулагч Festival Republic компани түүний тоглолтын зөвшөөрлийг албан ёсоор цуцалж, худалдан авсан тасалбарын мөнгийг буцаан олгохоор болсон талаар мэдэгджээ.

Түүнийг наадмын гол уран бүтээлчээр зарласны дараа олон нийтийн эсэргүүцэл эрс нэмэгдэж, зарим ивээн тэтгэгчид оролцохоос татгалзсан байна. Их Британийн Ерөнхий сайд Keir Starmer ч түүнийг анхнаасаа урих ёсгүй байсан гэж мэдэгджээ.

Эрх баригчдын зүгээс түүний оролцоо нь “нийтийн эрх ашигт нийцэхгүй” гэж үзэн хилээр нэвтрэх эрхийг нь хязгаарласан байна.