Туул голын дагуу усны чанарын хяналт-шинжилгээг 2026 оны нэгдүгээр улиралд хэрэгжүүлж, нийт дөрвөн цэгт сорьц авч дүн шинжилгээ хийжээ. Судалгаанд Улаанбаатар хотоос дээш болон доош байрлах Үйлдвэр, Налайх, Сонгино доод, Хадан хясаа гэсэн цэгүүд хамрагдсан байна.

Шинжилгээний дүнгээр Туул голын усны цахилгаан дамжуулах чанар Улаанбаатар хотоос дээш хэсэгт 83–90 мкСм/см, харин хотын орчимд 976–1121 мкСм/см хүрсэн нь усанд ууссан бодисын хэмжээ нэмэгдсэнийг илтгэж байна. Энэ нь хотын бүсэд бохирдлын ачаалал их байгааг харуулж байна. 

Тодруулбал, Аммонийн ион Сонгино доод орчимд 27.62 мг/л, Хадан хясаа орчимд 25.39 мг/л байна. Энэ нь MNS4586:2024 стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээ болох 0.8 мг/л-ээс даруй 31-34 дахин их үзүүлэлт юм.

Аммонийн ион нь усан дахь шинэвтэр бохирдлыг илэрхийлдэг бөгөөд гол төлөв цэвэрлэх байгууламжаас гарч буй дутуу цэвэрлэсэн бохир ус, малын өтөг бууц, ахуйн бохир ус гол руу шууд нийлснээс үүсдэг байна. Усанд аммонийн ион их байх нь загас болон бусад усны амьтдад хортой. Энэ нь усны хүчилтөрөгчийг сорж, замаг хэт их ургах нөхцөлийг бүрдүүлснээр голыг "үхмэл" болгодог. Хүний биед орвол цусан дахь хүчилтөрөгчийн тээвэрлэлтийг саатуулах эрсдэлтэй. Сонгино орчимд энэ бохирдол стандартаас 34 дахин их байгаа нь голын ус өөрийгөө цэвэршүүлэх чадвараа бүрэн алдсаныг илтгэж байна.

Түүнчлэн Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч Сонгино доод цэгт  стандартаас 22 дахин их байгаа нь тогтоогджээ. Энэ нь усанд байгаа бүх хүчилтөрөгчийг бохирдол задлахад "зарцуулж" дуусгаж байна гэсэн үг. Үүний улмаас голын ус өмхийрч, өнгө нь хувирдаг байна.

Мөн голын усан дахь хүчилтөрөгчийн хэмжээ Хадан хясаа орчимд 0.9 мг/л болж буурсан нь стандартад заасан $\ge$ 7 мг/л гэсэн шаардлагыг хангахгүй, усны амьд организмууд амьдрах боломжгүй нөхцөл бүрдсэнийг харуулсан бол  Хотоос дээш хэсэгт усны чанар "Маш зөөлөн" (0.71-0.77 мг-экв/л) ангилалд байгаа бол хотоос доош хэсэгт эрдэсжилт 766 мг/$дм^3$ хүрч, "Их эрдэсжилттэй" түвшинд очжээ.

Туул гол хотын төвөөс дээш хэсэгтээ эрүүл байгаа боловч, Сонгиноос доош хэсэгтээ цэвэрлэх байгууламжийн дутуу цэвэршүүлсэн бохир уснаас болж "амьсгал хураах" хэмжээнд хүртлээ бохирдсон байна.