Төв аймгийн Аргалант сумын нутаг, Хүй долоон худаг орчмоос БНСУ-ын иргэн нас барсан байдалтай олдож, цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Орон нутгийн малчид эрэгтэй хүний цогцос олсон тухай мэдээлсний дагуу Төв аймгийн Цагдаагийн газраас шалгалт хийхэд, талийгаач нь БНСУ-ын 57 настай иргэн болох нь тогтоогджээ.

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр урьдчилсан байдлаар биед нь ил харагдах гэмтэл, шарх байгаагүй байна. Тухайн иргэн 2026 оны нэгдүгээр сарын 12-нд Сөүл–Улаанбаатар чиглэлийн нислэгээр Монгол Улсад ганцаараа жуулчны визээр нэвтэрсэн бөгөөд түүнээс хойш хилээр буцаж гараагүй байжээ. 

Одоогоор тухайн иргэн ямар шалтгаанаар Хүй долоон худаг орчимд очсон, нас барсан нөхцөл шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.