Төрийн өмчит орон сууцыг түрээслэх болон түрээслээд өмчлөх нөхцөлтэй сонгон шалгаруулалтын журам шинэчлэгдэж, бүх үйл ажиллагаа 100 хувь цахим хэлбэрт шилжиж байна. Энэ жилийн хувьд “Солонго” төслийн эхний ээлжийн 2,042 айлын орон сууц ирэх наймдугаар сарын эхээр ашиглалтад орохтой холбогдуулан сонгон шалгаруулалтыг наймдугаар сарын сүүл, есдүгээр сарын эхээр зарлахаар төлөвлөжээ.

Шинэ систем нь хүний хүчин зүйлийн нөлөөг бүрэн арилгаж, “ХУР” системд тулгуурлан ажиллах юм. Иргэд tosk.gov.mn сайтаар нэвтэрч, регистрийн дугаараа оруулснаар систем шаардлагатай мэдээллийг шууд татан авч эрэмбэлнэ. Ингэснээр иргэнээс ямар нэгэн тодорхойлолт, цаасан материал нэхэхгүй бөгөөд оочир дараалал, бичгээр гаргасан өргөдлийг авч хэлэлцэхгүй болохыг ТОСК-иас онцоллоо. Тэрчлэн албан байгууллагуудаас ирж буй тусгай квот олгох хүсэлтийг хүлээн авах боломжгүй бөгөөд зөвхөн хувь хүний онооны эрэмбээр асуудал шийдэгдэх аж.

Сонгон шалгаруулалтыг 100 онооны системээр дүгнэх бөгөөд өөрийн гэсэн орон сууцтай иргэдийг бүртгэхгүй. Харин гэр хороололд амьдарч байгаа иргэдэд нэмэлт оноо олгож давуу байдал олгохоор журамд тусгажээ. Мөн олон хүүхэдтэй айлуудыг хамгийн бага хүүхдийнх нь насаар тооцож эрэмбэлэх зэрэг нарийн шалгуурууд тавигдах юм байна. Хэрэв иргэдийн оноо тэнцвэл ажлын хэсэг материалуудтай танилцаж, давуу эрхийг хэнд олгохыг шийдвэрлэх юм.

Энэхүү хөтөлбөр нь халамжийн арга хэмжээ биш тул иргэн заавал татвараар баталгаажсан тогтмол орлоготой байх шаардлагатай. Түрээслэх тохиолдолд гурван сарын түрээсийн төлбөртэй тэнцэх барьцаа авах бол түрээслээд өмчлөх хэлбэрт шилжихийн тулд нэг жилийн хугацаанд ямар нэгэн зөрчилгүй түрээсэлсэн байх ёстой. Мөн байрны төлбөрийн 30 хувийг таван жилийн хугацаанд тодорхой графикийн дагуу бүрдүүлэх үүргийг иргэн хүлээх юм байна.