УИХ-ын гишүүдийн сахилга бат, ёс зүйн асуудлыг хариуцдаг Ёс зүйн дэд хорооны үйл ажиллагаанд гишүүд нь сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, тус хорооны дарга Б.Хэрлэнг чөлөөлөх санаачилга гаргаад байна.
Б.Хэрлэнг дараах хоёр шалтгааны улмаас ажлаас нь чөлөөлөхөөр гарын үсэг цуглуулж буй аж.
1. Ёс зүйн зөрчилд ялгавартай хандсан: Б.Хэрлэнг гишүүдийн ёс зүйн асуудлыг хэлэлцэхдээ заримыг нь "хав дарж", заримд нь шуурхай ханддаг гэж үзэж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь чуулганы танхимд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг доромжилсон утгатай үг хэлсэн асуудлыг хэлэлцүүлэхээр гишүүн О.Саранчулуун өргөдөл гаргасан ч нэг жилийн хугацаанд огт хэлэлцэлгүй орхисон нь шүүмжлэл дагуулж байна.
2. Боловсролын зээлийн сангийн асуудал: Б.Хэрлэн өөрөө 2008-2011 онд Боловсролын зээлийн сангийн 48 мянган ам.долларын зээлээр суралцсан ч одоог хүртэл зээлээ төлөөгүй байгаа аж. Ёс зүй, сахилга хариуцлагын асуудал хариуцдаг дэд хорооны дарга хүн өөрөө санхүүгийн сахилга батгүй байгаа нь уг албан тушаалыг хашихад учир дутагдалтай гэж гишүүд үзжээ.
Ёс зүйн дэд хороо нь УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дэргэд үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс Дэд хорооны даргыг солих асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар шийдэх юм байна. Өөрөөр хэлбэл, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхлан энэ асуудлыг хэлэлцэх дараалалд оруулахад гол нөлөөтэй гэсэн үг юм. УИХ-ын гишүүдийн нэр хүнд, сахилга хариуцлагын асуудал олон нийтийн анхаарлын төвд байгаа энэ үед Ёс зүйн дэд хороог чамбай, шударга хүнээр удирдуулах шаардлагатай гэж санаачлагч гишүүд байр сууриа илэрхийлж байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!