Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс “Сэлбэ дэд төв”-ийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих (Багц 4.2) тендер шалгаруулалттай холбоотой хэрэгт Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар, “Үнэн ба Зөв” намын ерөнхий нарийн бичгийн дарга асан Ш.Мөнхсайхан нарыг саатуулсан талаараа мэдээлсэн. Тэгвэл тэрбээр өчигдөр суллагджээ. Түүнийг өнөөдөр НИТХ-ын хуралдаанд оролцох үеэр нь тодруулсан байна. 

- Таныг "Сэлбэ дэд төв"-ийн тендерт нөлөөлсөн байж болзошгүй үндэслэлээр таныг шалгаж байгаа АТГ-аас мэдээлсэн. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?

Б.Сэргэлэнбаатар: АТГ-аас намайг хоёр үндэслэлээр шалгаж байна гэж ойлгосон. Нэгдүгээрт, "Сэлбэ дэд төв"-ийн тендерт нөлөөлсөн байж болзошгүй гэх асуудал. Хоёрдугаарт, намайг МЗХ-ны Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үеийн буюу 2024 оны 12 дугаар сарын чаттай холбоотой зураг, мэдээллийг гар утсаар минь дамжуулж шалгаж байгаа юм билээ.

Ер нь Нийтийн албаны тухай хуульд, нийтийн албан хаагчийн хувь эзэмшдэг компани төрийн тендерт оролцохыг хориглосон заалт байдаггүй. Зөвхөн төрийн тендерт "нөлөөлсөн" тохиолдолд хариуцлага яригддаг. Хуулиар тендерт оролцохыг хориглосон албан тушаалтнуудад Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн зэрэг төрийн өндөр албан тушаалтнууд л багтдаг.

Би АТГ-тай бүрэн хамтарч ажиллаж байгаа. Гэрт минь нэгжлэг хийсэн, их хэмжээний мөнгө олдсон гэх мэдээлэл сайтуудаар гарсан нь худлаа. Намайг байлцуулж нэгжлэг хийхэд ямар ч бэлэн мөнгө олдоогүй, зөвхөн ганц нэг дэвтэр, бичиг баримт л авч явсан. Намайг 48 цаг саатуулаад өчигдөр суллалаа.

- 230 тэрбум төгрөгийн тендерийг сонгон шалгаруулалтгүй өгсөн гэх мэдээлэл гараад байна шүү дээ?

Б.Сэргэлэнбаатар: Энэ бол огт үндэслэлгүй, худал мэдээлэл. Энэ чинь олон улсын тендер, яаж сонгон шалгаруулалтгүй явж болох билээ? Хэрэв тийм зүйл болсон бол Үнэлгээний хороо болон хотын удирдлагууд бүгд шоронд орох байсан байх. Бодит байдал дээр 221 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тендерт БНХАУ болон Монголын 4-5 компани оролцсон юм билээ. “Професионалстрой” ХХК компани бичиг баримтын шаардлагыг 100 хувь хангаж, бусад компаниудаас 20 гаруй тэрбум төгрөгөөр бага буюу 197 тэрбум төгрөгийн санал өгсөн учраас шалгарсан байна. Ингэснээр улсад 20 гаруй тэрбум төгрөгийг хэмнэж өгсөн гэж харж байгаа.

- Та "Професионалстрой” -д компанид хувь эзэмшдэг үү?

Б.Сэргэлэнбаатар: Тийм ээ, би тус компанийн 30 хувийг эзэмшдэг. Үүнийгээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ (ХОМ) тусгасан. Энэ тендер зарлагдаж, шалгарах үед би ОХУ-д явж байсан. Монголд ирээд АТГ-т ХОМ-тээ тусгасан тухайгаа болон бусад бүх мэдээллээ өгсөн. Би мэдээллээ устгасан, оргон зайлсан эсвэл дуудсан цагт очоогүй зэрэг зөрчил гаргаагүй.

- Нийслэлийн төлөөлөгч хүн нийслэлийнхээ тендерт шалгарсан нь ашиг сонирхлын зөрчил биш үү?

Б.Сэргэлэнбаатар: Хэрэв би нөлөөлсөн бол ашиг сонирхлын зөрчил болно. Би 2020 оноос хойш төлөөлөгч хийж байгаа ч нийслэлийн удирдлагын багт өмнө нь ажиллаж байгаагүй. Зөвхөн төлөөлөгчөө л хийж, бизнесээ л эрхлээд явж байгаа. Би Үнэлгээний хороонд хэн байгааг ч мэдэхгүй, нөлөөлөх албан тушаалтай ч хүн биш. Иргэдийн төлөөлөгч гэдэг цалин, урамшуулал байхгүй ажил. Би 6 хүүхэдтэй хүн учраас бизнесээ хийж, гэр бүлээ тэжээхээс өөр аргагүй.

Миний хувь эзэмшиж буй компанид хэдэн зуун ажилтан бий. Намайг хувь эзэмшихээс өмнө ч энэ компани Өмнөговь, Эрдэнэт, Чингэлтэй дүүрэгт 5-6 том төсөл хэрэгжүүлээд явж байсан. Зарим тендерт нь ялж, заримд нь унадаг л бизнес.

- МАН доторх хагарал нийслэлд ирлээ гэж яригдаж байна. Мөн Туулын хурдны замын төсөл зогссонтой холбоотой таны байр суурь?

Б.Сэргэлэнбаатар: Нийслэлийн МАН 2024 оны орон нутгийн сонгуульд орохдоо метро барина, Туулын хурдны зам, тойрог зам тавина, дэд төвүүдээ барина гэж амлаад үнэмлэхүй олонх болсон. Гэвч иргэдийн дэмжсэн энэ мөрийн хөтөлбөрийг дээд байгууллага болон намын Удирдах зөвлөл зогсоож байгааг би ойлгохгүй байна.

Туулын хурдны замын төслийг зогсоовол олон улсын гэрээний дагуу тэр компани Арбитрын шүүхэд хандаж, Монгол Улсаас хохирлоо нэхэмжилнэ. Тэр их мөнгийг татвар төлөгчдийн мөнгөөр л төлөх болно. Тийм учраас энэ төслийг маш хурдан үргэлжлүүлэх ёстой. Нийслэлийн ажил сар гаруй хугацаанд гацлаа, ингэж болохгүй. Өнөөдөр МАН-ын бүлэг хуралдаж, зөв шийдвэр гаргана гэж найдаж байна.