УИХ-ын гишүүн Д.Батбаяр иргэдийг орон сууцжуулах талаар өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр цахим хуудсаараа дамжуулан "Монгол Улсад ипотекийн зээл анхнаасаа гэр хорооллыг шахаж, утааг багасгаж, дундаж болон бага орлоготой иргэдийг орон сууцжуулах, залуу гэр бүлийг дэмжих зорилготой олгогдож эхэлсэн. 

Үүнийг нь МИК худалдан авч хөрөнгө оруулалтын эргэлтэд оруулдаг зарчимтай. Гэтэл эсрэгээрээ ажилласаар ирсэн. Байртай, танилтай, боломжтой иргэд давхардсан тоогоор зээлд хамрагдаж, зорилтот бүлэгт энэ үйлчилгээ очихоо байсан. 

Зах зээл дээр ийм л яриа явдаг “Нэг байр дахиад ипотекээр аваад түрээслээд хаячихъя. Үнэ нь өснө, зарна”. Үүний цаана байрны үнэ өснө, үнийн хөөргөдөл ихсэж, авлига, хээл хахууль нь дэлгэрчхэж байгаа юм. 

 1. Хэрхэн шийдэх вэ: “Анхны орон сууц” гэсэн хатуу шалгууртай болох: - Ипотекийн хөнгөлөлттэй зээл (жишээ нь 6%) Зөвхөн анх удаа байр авч байгаа иргэнд л өгөх, - Өмнө нь байртай байсан бол банкны энгийн хүүтэй зээл рүү шилжүүлье. 

 2. Орлогоос хамаарсан шатлалтай бодлого барих: “Нэг журам бүх хүнд” гэдэг хамгийн том алдаа, үүнийг шаталж болно. - Бага орлоготой → 3–6% - Дунд орлоготой → 6–8% - Өндөр орлоготой → 10%+ (эсвэл бүр ипотекийн зээлийг дэмжихгүй байх) 

 3. Нэг өрх = нэг хөнгөлөлттэй ипотекийн эрхтэй байх: Давхардлыг системээр хаах. - Иргэн + гэр бүлийн гишүүдийн мэдээллийг нэгтгэх. - Нэг өрхөд 1 хөнгөлөлттэй ипотекийн зээл л олгоё. 

 4. Байршлын бодлого (утаатай бүс болон орон нутаг руу чиглүүлэх) баримтлах: - Гэр хорооллоос нүүж байгаа болон орон нутагт байр авах гэж буй өрхөд урьдчилгаа бууруулах, илүү бага хүү санал болгох. - Төвийн бүсэд байр авч байгаа “хөрөнгө оруулалтын” худалдан авалтад огт дэмжлэг өгөхгүй байх. 

 5. Түрээснээс өмчлөл (rent-to-own) загварыг бий болгох: - Бага орлоготой, урьдчилгаа төлөх боломжгүй өрхүүд түрээснээс дараа нь өмчлөх эрхтэй болох нөхцөлийг бүрдүүлж өгөх. ЭЦЭСТ НЬ ХЯНАЛТ, НЭГДСЭН ДАТА САН" гэжээ.