Монгол Улсын Засгийн газраас 2023–2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, “Go Mongolia” уриан дор аялал жуулчлалыг дэмжих бодлого хэрэгжүүлж буй. Энэхүү бодлогын хүрээнд экстрим спорт сонирхогчдын хүсэн хүлээдэг, уламжлалт арга хэмжээ болох 14 дэх удаагийн “POWER EXPO & FESTIVAL – 2026” олон улсын наадам нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.
Энэ жилийн наадам нь өмнөх жилүүдээсээ илүү өргөн хүрээтэй, олон улсын чансаа өндөртэйгээр зохион байгуулагдах бөгөөд дараах онцлогтой. Үүнд:
Азийн шилдэг наадам: Тус фестиваль нь 2026 оны 1 дүгээр сард Тайланд Улсын Бангкок хотод болсон Азийн Автомашины шилдгүүдийг шалгаруулах “AAA – Asian Automotive Awards” ёслолоос “Азийн мотоспортын шилдэг арга хэмжээ” номинацийн шагналыг Монгол Улсаас анх удаа хүртэж, олон улсад нэр хүндээ өсгөсөн юм.
Олон улсын өргөн оролцоо: Энэ удаагийн наадамд 10 орны баг тамирчид зорин ирж, ур чадвараа сорихоор бэлтгэлээ хангажээ.
Racing TOP Model Asia: Өмнөх жилээс наадмын салшгүй нэг хэсэг болсон энэхүү загварын уралдаан нь энэ жил хүрээгээ тэлж, гадны 3–5 орны өндөр зэрэглэлийн загвар өмсөгчид хүрэлцэн ирж, Монголын шилдэг модельуудтай нэгэн тайзнаа өрсөлдөхөөр болсон байна.



Жил бүрийн хавар нийслэлийн гадаа талбайн арга хэмжээнүүдийн салхийг хагалдаг энэхүү наадам нь Монголын авто болон мото спортыг олон улсад сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулдаг билээ. Наадмын үеэр үзэгчид болон оролцогчдод зориулсан олон сюрприз, сонирхолтой үзүүлбэрүүдийг бэлтгэн ажиллаж байна.
Үзэгчид болон спорт сонирхогчдыг 2026 оны 5 дугаар сарын 8-наас 10-ны өдрүүдэд 22-ын Авто худалдааны цогцолбор төвийн “Power Land” талбайд хүрэлцэн ирж, Азийн шилдэг автомото наадмыг үзэж сонирхохыг урьж байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!