-Махны үнэ 40 мянга давна гэдгийг жилийн өмнө хэлж байжээ-
Нийслэлд махны үнэ энэ хавар 30 мянган төгрөг даваад байгаа нь анхаарал татсан асуудал болов. Стратегийн хүнсний эрэлт, нийлүүлэлт, үнийн бодлогод төр оролцох үүрэгтэй. Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба жил бүр нөөцийн мах бэлтгэх ажлыг хариуцан зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд нөөцийн махыг харьцангуй эрт буюу нэгдүгээр сарын 20-нд худалдаанд гаргасан боловч үнийн галзуурлыг хазаарлаж дийлсэнгүй.
Энэ бол хийсэж ирээгүй, хэлж ирсэн бэрхшээл байсан юм. Өөрөөр хэлбэл, махны үнэ 40 мянган төгрөг давна гэдгийг жил гаруйн өмнө буюу 2025 оны хоёрдугаар сард хэвлэлүүд бичиж байжээ. Тухайн үед ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр “Үнийг буулгаж, тогтвортой барих зорилгоор экспортод гарч байгаа махныг тодорхой хэмжээнд хязгаарлаж байгаа” гэж мэдэгдсэн юм. Энэ нь төр экспортыг хязгаарлах байдлаар үнийг тогтвортой барих зохицуулалт хийсэн гэсэн үг.
Өнгөрсөн жил ийнхүү махны хомсдол үүсэж, үнэ өссөн нь 2024 оны зуднаар мал ихээр хорогдсон, махны үйлдвэрүүд олноор хаалгаа барьсан, ченжүүд гар хоосон болсон зэрэг олон хүчин зүйлээс хамааралтай байв.
Тиймээс “Праймер” компанийн гүйцэтгэх захирал, мах судлаач Б.Мөнхтогтох 2025 оны хоёрдугаар сард хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Гуравдугаар сарын 1-нээс эхлэн махны үнэ Монголд байгаагүйгээр хамгийн дээд түвшинд хүрнэ. Миний бодлоор дээд үнэ нь үхрийн мах 35 мянган төгрөгөөс илүү гарч 40 мянган төгрөг давахаар байна” гэж дурдаж байжээ. Үнийн бодлогыг барихын тулд экспортын махаа хязгаарлана гэдэг буруу шийдвэр гэдгийг тэрбээр хэлж байж.

Жилийн жилд махны үнэ тойрсон хэрүүл, шүүмжлэл хаврын хавсарга салхитай хамт босож ирдэг. Ноднингийн хувьд ийнхүү махны үнийг бууруулахын тулд нийлүүлэлт талд нь зохицуулалт хийж, махны экспортоо хязгаарлах захиргааны арга хэрэглээд тусыг эс олсон билээ.
Хойд хормойгоороо урд хормойгоо нөхнө гэгч болсон энэ шийдвэртэй холбоотойгоор нийслэлийнхэн 2024 оны зун, намаржин УИХ болон НИТХ-ын сонгуулийн ажилд дарагдаад нөөцийн мах бэлтгэх ажлаа “мартсан" гэх шүүмжлэл ч гарч байв. Үнэхээр 2025 оны хаврын хүнсний хэрэгцээнд хэчнээн мянган тонн нөөцийн мах бэлдсэн бэ гэдэгт нийслэлийнхэн хариулт өгөөгүй юм.
Энэ жил махны “хэрүүл” дүрмийн дагуу давтагдаж байна. Үнэ нь тэнгэрт хадаж, рекорд эвдлээ. Үүнийг дахиад л махны экспорттой холбож тайлбарлав. Уг нь экспортын махны төрөл, хэмжээ нь нийслэлчүүдийн хэрэглээнд нөлөөлөхөөргүй гэдгийг салбарын яамныхан байнга хэлдэг. Өөрөөр хэлбэл манай улс ямаа, сарлаг, адууны мах голлон экспортод гаргадаг. Хотынхон маань хонь, үхрийн махаа хэрэглэдэг. Экспортолж байгаа хонь, үхрийн мах дотоодын эрэлт, нийлүүлэлтэд нөлөөлөхөөр биш.
Тэгэхээр энэ жил махны үнэ огцом өссөний буруутныг өнгөрсөн оны сүүлээр түлш, шатахууны үнэ нэмэгдсэн, нийслэлчүүд болон нөөцийн мах нийлүүлэгч компаниуд аль аль нь үнэ хямд үед өвлийн идшээ бэлдэж, нөөцөлж авч чадаагүй зэргээс хайхаас өөр аргагүй.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!