Өмнөд Солонгосын Засгийн газар дэлхийн геополитикийн хурцадмал байдал, шатахууны үнийн өсөлтөөс үүдсэн эдийн засгийн дарамтыг бууруулах зорилгоор иргэддээ зориулсан томоохон санхүүгийн дэмжлэгийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ.

Тус улсын Засгийн газар Ойрх Дорнод дахь мөргөлдөөний эдийн засагт үзүүлэх нөлөөг бууруулахын тулд 26.2 их наяд вон буюу ойролцоогоор 17.8 тэрбум ам.долларын нэмэлт төсөв баталсан байна.

Хөтөлбөрийн хүрээнд нийт 36 сая орчим иргэн, голчлон орлогын доод 70 хувьд багтдаг өрхүүдэд шууд мөнгөн дэмжлэг олгох аж. Үүний эхний шат өнгөрсөн дөрөвдүгээр сард хэрэгжиж, бага орлоготой болон эмзэг бүлгийн иргэдэд 600 мянган вон хүртэлх мөнгөн тусламж олгосон байна.

Хоёр дахь шатны хүсэлт ирэх даваа гарагт эхэлж, долоодугаар сарын 3 хүртэл үргэлжлэх юм. Албаныхны мэдээлснээр, Сөүл орчмын бүсийн иргэд 100 мянган вон авах бол хүн амын бууралттай бүс нутгийн оршин суугчид 250 мянган вон хүртэл авах боломжтой аж.

Тэтгэмж олгох шалгуурыг үндэсний эрүүл мэндийн даатгалын шимтгэлд тулгуурлан тогтооно. Тухайлбал, гуравдугаар сард 130 мянган вон буюу түүнээс бага хэмжээний шимтгэл төлсөн ганц хүний өрх хамрагдах боломжтой байна. Мөн жилийн орлого нь 43.4 сая вон буюу түүнээс бага иргэдийг хамруулахаар төлөвлөжээ.

Харин 1.2 тэрбум воноос дээш хөрөнгөтэй эсвэл өнгөрсөн онд 20 сая воноос дээш санхүүгийн орлого олсон 930 мянга орчим өрхийг хөтөлбөрөөс хасах аж.

Мөнгөн дэмжлэгийг дебит, кредит карт, урьдчилсан төлбөрт карт болон орон нутгийн ваучер хэлбэрээр олгох бөгөөд наймдугаар сарын 31 хүртэл ашиглах боломжтой. Түүнчлэн зөвхөн жилийн борлуулалт нь 3 тэрбум воноос доош жижиг бизнесүүдэд зарцуулах нөхцөлтэй байна.

Өмнөд Солонгосын Дотоод хэргийн сайд Юн Хо Жон “Ойрх Дорнод дахь удаан үргэлжилж буй дайнаас үүдэлтэй иргэдийн дарамтыг бууруулж, суларсан хэрэглээг сэргээхэд энэхүү дэмжлэг чухал нөлөө үзүүлнэ” гэж мэдэгджээ.

Албаныхан энэхүү арга хэмжээ нь өрхийн санхүүгийн ачааллыг багасгахаас гадна дотоодын хэрэглээ, жижиг бизнесийн орлогыг дэмжинэ гэж үзэж байна.