Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас үнийн өсөлтийн эсрэг авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа. Уг шийдвэрийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат мэдээлэл өглөө.

Түүний мэдээлснээр, нийслэлд үүсээд буй махны үнийн хөөрөгдөл, хомсдолыг зохицуулах хүрээнд дараах гол шийдвэрүүдийг гаргасан байна. 

Хямд үнийг хадгална

Хэдийгээр зах зээл дээр махны үнэ өссөн ч зориулалтын агуулахад байгаа 14 мянган тонн махыг анх гэрээлсэн үнээр нь буюу хонины махыг 13,000 төгрөг, үхрийн махыг 15,000 төгрөгөөр худалдаална. Энэ нь өнөөдрийн зах зээлийн ханшаас 2,000–3,000 төгрөгөөр хямд гэсэн үг юм.

Худалдаалах хугацааг сунгав

Нөөцийн махны борлуулалтыг ирэх 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжлүүлэх бөгөөд 6 дугаар сарын 15-наас эхлэн шинэ махыг нөөцөд гаргахаар төлөвлөжээ.

Аж ахуйн нэгжүүдийг дэмжинэ

Нэр бүхий 9 компанийн 1 дүгээр сарын 15-наас 4 дүгээр сарын 10-ныг хүртэл борлуулсан махны асуудалд Засгийн газраас тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэхээр тогтсон байна.

Түүнчлэн Сайд Ц.Идэрбат мэдээллийнхээ үеэр нөөцийн махны хуваарилалт дээр ноцтой асуудал үүссэнийг дурдлаа. Тэрбээр, “Нэг хүн олон давтамжтайгаар худалдан авалт хийж байгаа нь И-баримтын системээс харагдсан. Энэ нь зорилтот бүлэгтээ хүрч чадахгүй байх эрсдэлтэй. Түүнчлэн нийслэлээс бэлтгэсэн махны борлуулалт болон үлдэгдлийн хэмжээ хоорондоо зөрж байна. И-баримт уншуулахгүйгээр борлуулсан байж болзошгүй нөхцөл байдлыг тодорхой болгох шаардлагатай” хэмээн онцолсон юм.