“Эрдэнэс Монгол” нэгдэл өнгөрсөн хагас жилийн хугацаанд хамтын ажиллагааны санал, санаачилга гарган идэвхтэй ажилласны үр дүнд олон улсын томоохон хөрөнгө оруулагчдыг Монгол Улсад татах эхлэлийг тавьж чадлаа. Үр дүнд нь дэлхийн гангийн үйлдвэрлэлийн аварга том компаниудын нэгд зүй ёсоор тооцогддог “Posco international” корпорацтай газрын ховор элемент, гангийн үйлдвэрлэл, үйлдвэр технологийн парк хөгжүүлэх чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллахаар болов.  1968 онд байгуулагдсан “POSCO” групп нь дэлхийн гангийн үйлдвэрлэлийн тэргүүлэгч компаниудын нэг бөгөөд өнөөдөр эрчим хүч, дэд бүтэц, барилга, худалдаа, логистикийн салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэн, дэлхийн хэмжээний томоохон тоглогч болоод байна.  “Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай, “POSCO International” корпорацын Дэд ерөнхийлөгч Жон Гён Жин нар өнөөдөр /2026.06.11/ хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.