Багануур дүүргийн 1 дүгээр хороонд өнөөдөр буюу наймдугаар сарын 28-ны өдрийн 05:53 цагт айлын байранд гал гарсан тухай дуудлага Онцгой байдлын албанд бүртгэгджээ.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчид хэргийн газарт очиход иргэн Б-ийн гурван өрөө байрны коридорт 2-3 литр орчим бензин хадгалж байсны улмаас гал гарсан нөхцөл байдал тогтоогдсон байна.
Галын улмаас хураалттай байсан торго, бөс бараа болон хоёр телевизор шатжээ. Аврагч, гал унтраагчид шуурхай ажиллаж, галыг бүрэн унтраасан байна.
Мөн утаажилтын бүсээс тухайн байрны 21 иргэнийг, үүнээс 9 том хүн, 12 хүүхдийг аюулгүй бүсэд гаргажээ.
Онцгой байдлын байгууллагаас галын аюулгүй байдлыг хангаж, шатамхай болон тэсэрч дэлбэрэх аюултай бодис, материалыг зориулалтын бус газар, ялангуяа гэр, орон сууцанд хадгалахгүй байхыг анхааруулж байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!