“Хүмүүс юу гэж бодох бол?” гэх энэ асуулт бидний амьдралын хамгийн олон шийдвэрийн ард чимээгүй ширтэх мэт.
Ямар хувцас өмсөхөөс эхлээд ямар мэргэжил сонгох, хэнтэй нөхөрлөх, хаана амьдрах, хэзээ гэр бүлтэй болох гэх мэт олон сонголтоо бид заримдаа өөрийн хүсэлд бус, бусдын хүлээлтэд нийцүүлэхийг хичээдэг. Сонирхолтой нь бусдын бодол бидний амьдралыг бодитоор удирдаж байгаа мэт боловч ихэнхдээ тэдгээр “бусад” хүмүүсийн бодлыг бид өөрсдөө хэт их төсөөлж байдаг.
Хүн нийгмийн амьтан учраас бусдад хүлээн зөвшөөрөгдөх хүсэлтэй байх нь ер бусын зүйл биш. Харин энэ хүсэл өөрийн сонголтыг орлох үед асуудал эхэлдэг.
Сэтгэл судлалын Self-Determination Theory буюу өөрөө шийдвэр гаргах онолд хүний сэтгэлзүйн үндсэн хэрэгцээний нэг нь “autonomy” буюу өөрийн амьдрал, үйлдлээ сонгох эрх чөлөө гэж үздэг. Судалгаанууд хүний энэ хэрэгцээ дэмжигдэх үед дотоод сэдэл, сайн сайхан байдалтай эерэг холбоотой байдгийг харуулдаг.
Гэвч өнөөдөр өөрийнхөөрөө байх нь өмнөхөөсөө ч хэцүү болсон нэг шалтгаан бий. Сошиал орчин бидэнд бусдын амьдралыг байнга харьцуулах боломж олгож буй.
Хэн нэгэн шинэ ажилтай болжээ. Нөгөө нэг нь гадаадад аялж байна. Өөр нэг нь гэр бүлтэй болж, өөр нэг нь бизнесээ эхлүүлжээ. Бид тэдний амьдралын зөвхөн хамгийн гоё хэсгийг харж байгаа ч өөрийнхөө өдөр тутмын бодит амьдралтай харьцуулж эхэлдэг.
2024 онд өсвөр насныхныг 14 хоногийн турш өдөр бүр ажигласан судалгаагаар өөрийгөө бусдаас “доогуур” гэж харьцуулсан мөчүүдэд өөрийн үнэлэмж буурсан байдал ажиглагджээ. Энэ нь сошиал орчин өөрөө заавал муу гэсэн үг биш. Харин бид түүнийг өөрийгөө хэмжих хэрэгсэл болгон ашиглах үед асуудал үүсэж болохыг харуулж байна.
Тэгвэл бусдын бодлыг огт тоохгүй амьдрах ёстой юу?
Бусдын санал бодол заримдаа бидний хараагүй зүйлийг олж харахад тусалдаг. Гэр бүл, найз нөхөд, хамт ажилладаг хүмүүсийн зөвлөгөө бидний шийдвэрт хэрэгтэй мэдээлэл болж чадна. Гол нь бусдын хэлсэн зүйл шийдвэрийн нэг хэсэг байх уу, эсвэл шийдвэрийн эзэн болох уу гэдэг ялгаатай.
“Ээж аав юу гэж бодох бол?”
“Найзууд маань намайг шоолох болов уу?”
“Хүмүүс намайг бүтэлгүй гэж бодох болов уу?”
Амьдралд тохиох олон асуулт дундаас хариуг нь эрж хайсаар бид өөрийнхөө “Би үнэндээ юу хүсэж байна вэ?” гэсэн асуултыг орхигдуулж болохгүй.
Амьдралын хамгийн харамсалтай зүйлсийн нэг нь буруу сонголт хийхээс илүүтэй, өөрийн хүсээгүй амьдралыг зөвхөн бусдад таалагдахын тулд сонгосноо хожим ойлгох явдал байж мэднэ.
Хүн бүрийн амьдралын хэмнэл өөр. Нэг нь 25 насандаа хүссэн зүйлдээ хүрч байхад нөгөө нь 35 насандаа эхэлж болно. Хэн нэгний хувьд амжилт гэдэг өндөр албан тушаал байхад өөр нэгэнд тайван амьдрал, гэр бүл, эрүүл мэнд нь хангалттай байж болно.
Тиймээс “өөрийнхөөрөө амьдрах” гэдэг нь бусдыг үл тоох тухай биш. Харин бусдын дуу хоолойг сонссон ч эцсийн шийдвэрээ өөрийн үнэт зүйл, хүсэл, хариуцлагад тулгуурлан гаргах тухай юм.
Эцэст нь бид бусдын амьдралаар амьдарч байгаад өөрийнхөө амьдралыг алдах ёсгүй.
Учир нь бидний сонголтыг хамгийн их шүүмжилж байсан хүмүүс ч бидний амьдралыг бидний өмнөөс амьдрахгүй. Харин тэр амьдралын үр дүнтэй өдөр бүр хамт үлдэх хүн нь өөрөө бид.
Тиймээс хааяа бусдын дуу чимээнээс түр холдоод өөрөөсөө ганцхан асуулт асуух хэрэгтэй.
“Хэрэв хэн ч намайг шүүмжлэхгүй, хэн ч юу гэж бодохгүй байсан бол би яг ямар амьдралыг сонгох байсан бол?”
Магадгүй өөрийнхөөрөө амьдрах эхлэл нь бусдын бодлыг өөрчлөхөөс бус, өөрийнхөө хүсэлд үнэнч байх зоригийг олохоос эхэлдэг байх.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!