Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт ерөнхий мэдээгүйжүүлэгтэй буюу унтуулгатай төлөвлөгөөт хагалгааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах нөхцөл байдал үүссэн талаар мэдээлжээ.
Тус эмнэлэгт ерөнхий мэдээгүйжүүлгийн үед хэрэглэдэг фентанил тариа ойролцоогоор нэг сарын хугацаанд тасалдалтай байгаа бөгөөд цөөн тоогоор нийлүүлэгдсэн эм, тариаг тасаг хооронд хуваарилан хэрэглэж байгаа гэх мэдээлэл байна.
Үүний улмаас фентанилыг зайлшгүй шаардлагатай төлөвлөгөөт хагалгааг хойшлуулах нөхцөл үүсээд байгаа аж. Мөн нийлүүлэлтийн тасалдал удаан үргэлжилж, эмнэлгүүдийн нөөц буурвал яаралтай мэс заслын тусламж үйлчилгээнд ч хүндрэл үүсэх эрсдэлтэйг анхааруулжээ.
Энэ нөхцөл байдал зөвхөн нэг эмнэлгээр хязгаарлагдахгүй, улсын хэмжээнд үүссэн асуудал байж болзошгүй талаар мэдээлсэн бөгөөд фентанилын нийлүүлэлтэд ямар шалтгаанаар тасалдал үүссэн, улсын хэмжээнд одоо ямар хэмжээний нөөц байгаа, нийлүүлэлт хэзээ хэвийн болох талаар холбогдох байгууллагуудаас албан ёсны мэдээлэл шаардлагатай байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!