Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар болон БНХАУ-ын Өвөр Монголын Санхүү, Эдийн Засгийн Их Сургууль хооронд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд “Монголын жижиг, дунд бизнесийн удирдах ажилтнуудын дижитал чадавхийг хөгжүүлэх сургалт” хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байна.

Тус сургалт 2026 оны есдүгээр сарын 13-19-ний өдрүүдэд БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөх хотод болж байгаа бөгөөд Монгол Улсын жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид болон төрийн байгууллагуудын төлөөлөл оролцож байна.
Сургалтын үеэр оролцогчид БНХАУ-ын дижитал худалдаа, үйлдвэрлэл, бизнесийн хөгжлийн туршлагаас суралцаж, бизнесийн үйл ажиллагаанд шинэ технологи, инноваци нэвтрүүлэх боломжийн талаар туршлага судалж байна.
Энэ хүрээнд:
- Олон улсын цахим худалдааны “Нэг дэлгүүр, олон хэлбэр” онлайн болон оффлайн худалдааны системтэй танилцав.
- Хил дамнасан цахим худалдаанд ашиглагдаж буй хиймэл оюун ухаанд суурилсан орчуулгын туслах программ болон түүний бизнесийн хэрэглээний талаар мэдээлэл авлаа.
- Монгол Улсын “Технологийн Зочил” ХХК болон “Даяар” ХХК-ийн хамтын ажиллагааны бизнесийн загварын талаар туршлага судлав.
- Экспорт, импортын гаалийн агуулахын үйл ажиллагаа, логистик болон худалдааны зохион байгуулалттай танилцлаа.
- Автомашины тоноглолыг хэрэглэгчийн хүссэн хэмжээ, загварт нийцүүлэн үйлдвэрлэдэг үйлдвэрээр зочилж, үйлдвэрлэлийн үйл явцтай танилцав.
- Мөн борц үйлдвэрлэлийн үйл явцтай танилцаж, бүтээгдэхүүн боловсруулах технологи, үйлдвэрлэлийн туршлагыг судлав.
Тус сургалт нь Монголын жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн дижитал чадавхийг нэмэгдүүлэх, шинэ технологи, инновацийг бизнесийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх, хил дамнасан цахим худалдааг хөгжүүлэх, улмаар жижиг, дунд үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэж байна.










Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!