Хэн нэгэн аль хэдийн ажилдаа яаран гарч, хэн нэгэн тухтай нь аргагүй аяга кофе оочлон өдрийнхөө төлөвлөгөөг бодож сууна. Зарим нь хүүхдээ сургуульд нь хүргэж өгөхөөр яарч, зарим нь өнөөдөр амьдралдаа нэг алхам урагшлахын төлөө зорьж алхална.

Нэг хотын гудамжаар алхаж, нэг нарны дор ивээгдэж байгаа ч хүн бүрийн очих газар, бодож яваа хүсэл, хүлээж буй ирээдүй өөр.

Амьдрал ч бас яг л ийм.

Бид хааяа бусдын хурдаар өөрийгөө хэмжиж эхэлдэг. Нэг нь аль эрт амжилтад хүрч, гэр бүлээ зохиож, нөгөө нь мөрөөдсөн ажлаа хэдийнэ бүтээчихсэн байхыг хараад өөрийн эрхгүй “Яагаад би..” гэж дотогш асууна.

Гэвч амьдралд “хоцорсон” гэсэн ганцхан хэмжүүр байдаггүй байх.

Модод хүртэл нэгэн зэрэг цэцэглэдэггүй. Зарим нь хаврын эхэнд нахиагаа дэлгэж байхад, зарим нь дулаан салхийг хүлээсээр хэсэг азнана. Гэхдээ хожуу дэлгэрсэн цэцэг нь эрт дэлгэрсэн цэцгээсээ дутуу ч биш, илүү ч биш.

Хүний амьдрал ч мөн адил.

Хэн нэгний хорин хэдэн насанд ирсэн боломж нөгөөд нь гуч, дөчөөд насанд ирж болно. Нэгнийх нь зам шулуун байхад нөгөөгийнх нь зам олон салаа, эргэлттэй байж болно. Зарим хүн алдаанаасаа эрт суралцдаг бол зарим нь амьдралынхаа нэлээд хожуу үед өөрийнхөө үнэнтэй нүүр тулж уулзна.

Бидний амьдралын хамгийн чухал зүйлс заримдаа яг хүссэн мөчид биш, хэрэгтэй болсон үедээ ирдэг мэт.

Ажлын ачаалал, бүтэлгүйтсэн төлөвлөгөө, мөнгөний асуудал, ойлголцож чадаагүй яриа, буруу сонголт, зөв шийдвэр, санаандгүй учирсан хүн, дулаахан намрын нэг өдөр… Тэр бүхнийг тухайн үедээ бид тус тусдаа зүйл гэж боддог ч эргээд харахад амьдралын маань нэгэн том зураг болж нийлсэн байдаг.

Тиймээс өөрийгөө хэн нэгэнтэй бүү харьцуул.

Өнөөдөр чиний хийж чадах зүйлдээ л анхаар. Ажлаа сайн хий, өөрийгөө хайрла. Хоолоо цагт нь идэж, нойроо хангалттай авч, хайртай хүмүүстэйгээ сайхан харилц. Хэлсэн үгэндээ эзэн байж, эхэлсэн зүйлдээ үнэнч бай.

Амьдралын зарим хаалга яагаад нээгдэхгүй байгааг бид тэр дороо ойлгодоггүй. Зарим хүлээлт яагаад ийм удаан үргэлжилж байгааг ч мэдэхгүй.

Гэхдээ бүх зүйл өөрийн цагтай.

Өглөөний нар ч гэсэн тэнгэрт нэг агшинд гарч ирдэггүй. Аажмаар гэрэл нэмэгдэж, хотын өнгө тодорч, хүмүүсийн хөл хөдөлгөөн ихэссээр шинэ өдөр эхэлдэг.

Хүний амьдрал ч бас тийм.

Өнөөдөр бүх зүйл тодорхой биш байж болно. Мөрөөдөл чинь хол санагдаж болно. Бусдын амьдрал чамаас түрүүлээд байгаа мэт харагдаж ч болно.

Гэхдээ чи өөрийнхөө замаар явж байна.

Амьдралтай уралдах биш, амьдралаа мэдэрч алхах хэрэгтэй. Өглөөний энэ цэвэр агаарыг нэг удаа гүнзгий амьсгалаад, өнөөдрийн өдрийг өөртөө зориул.