Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны есдүгээр сарын 15-ны өдрийн А/09 дүгээр албан даалгавраар хүрэн баавгай хүн, малд эрсдэл учруулж болзошгүй нөхцөл үүссэнтэй холбогдуулан аймаг, нийслэл, сумын Засаг дарга болон холбогдох байгууллагуудад шуурхай арга хэмжээ авч ажиллах үүрэг чиглэл өгчээ.
Үүнд хүрэн баавгайн дуудлага, мэдээллийг 24 цагаар хүлээн авч бүртгэх, эрсдэлтэй бүсэд шуурхай баг ажиллуулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах, хүнс болон хог хаягдлыг ил задгай байршуулахгүй байх, иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Мөн баавгайн тархалт, хөдөлгөөнийг автомат камер, дрон ашиглан хянах, шаардлагатай тохиолдолд биотехникийн арга хэмжээ авах, зэрлэг амьтны эрүүл мэндийн хяналт, судалгааг эрчимжүүлэхээр заажээ. Албан даалгаврын хэрэгжилтэд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам хяналт тавьж ажиллах бөгөөд хэрэгжилтийн тайланг ирэх сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд нэгтгэн гаргахаар тусгасан байна.
Аймгуудаас авсан мэдээллээр 2026 онд Булган, Хэнтий, Сэлэнгэ, Хөвсгөл, Дорнод, Увс, Архангай, Дархан-Уул, Төв, Завханд 80 орчим удаагийн тохиолдол бүртгэгдсэн аж. Нийтлэг тохиолдол нь самар, жимс зэрэг байгалийн тэжээлийн ургац муу байгаатай холбоотойгоор бамбарууш, бамбарууштай эм баавгай идэш тэжээл хайж суурьшлын бүс рүү ойртож байгааг дурдав. Одоогийн нөхцөлд баавгайг ичээнд орох хүртэл хугацаанд эрсдэлээс урьдчилан сэргийлэх шуурхай ажил төлөвлөж, цаашид судалгаа хийх, урт хугацааны стратеги, төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлэхийг холбогдох газарт үүрэг болгосон байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!