Онцгой байдлын байгууллагад энэ сарын 14-17-ны өдрийн хооронд дөрвөн аймаг, нэг дүүргийн нутаг дэвсгэрт нийт найман удаагийн ой, хээрийн гал түймрийн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Өнөөдөр буюу есдүгээр сарын 17-ны 10:30 цагийн байдлаар гурван удаагийн ой, хээрийн түймрийн дуудлагын дагуу унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
ОХУ-ын нутаг дэвсгэрт Монгол Улсын хилийн шугамаас хоёр орчим километрийн зайд есдүгээр сарын 8-ны 21:29 цагт сансрын хиймэл дагуулын мэдээгээр илэрсэн түймэр есдүгээр сарын 15-ны 19:45 цагт Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутаг дэвсгэрт хил даван орж ирсэн байна.
Тус ойн түймрийг унтраахаар Онцгой байдлын ерөнхий газар, Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн анги, Баянзүрх, Улаан-Уул сумын мэргэжлийн анги, орон нутгийн байгаль хамгаалагчид зэрэг нийт 36 алба хаагч ажиллаж байна.
Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын Төр хурахын ам, “Их Халзангийн-Энгэр” гэдэг газарт ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг есдүгээр сарын 16-ны 13:15 цагт хүлээн авчээ.
Түймрийг унтраахаар Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63, 35 дугаар анги, Нийслэлийн аврах анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид, Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны албан хаагчид зэрэг нийт 66 хүн ажилласан байна.
Улмаар түймрийг есдүгээр сарын 16-ны 18:15 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байгаа аж. Урьдчилсан байдлаар тус түймэрт ойролцоогоор зургаан га талбай өртөж шатсан байна.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хонгор 4 дүгээр багийн “Улаан хонхор” гэдэг газарт хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг есдүгээр сарын 17-ны 07:20 цагт хүлээн авчээ.
Тус газар нь аймгийн төвөөс зүүн урд зүгт 200, сумын төвөөс баруун хойд зүгт 20 километрийн зайд оршдог байна.
Түймэр гурван километрийн урт, 500 метрийн өргөнтэй тархсан бөгөөд 10:43 цагт цурамд оруулжээ. Одоогоор түймрийг бүрэн унтраахаар нутгийн иргэд болон Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн нийт 19 иргэн, алба хаагч ажиллаж байна.
Түймрийн эрсдэл өндөртэй энэ үед иргэн бүр хариуцлагатай байж, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна.
Иймд иргэд:
Ой, хээрт зорчихдоо асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, түүдэг гал, үнс нурмыг бүрэн унтраах;
Халуун үнс, нурмыг зориулалтын таглаа бүхий нүх, саванд хийх;
Гэр, сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах;
Хог, өвсийг ил задгай шатаахгүй байх;
Шашны зан үйл хийхдээ арц, хүж, зул зэргийг асаагаад хараа хяналтгүй орхихгүй байх;
Түймрийн аюултай улиралд хог, хаягдлыг зөөвөрлөх, тээвэрлэх, хаяхдаа гал түймрийн аюулгүй байдлыг хангахыг сануулж байна.
Байгаль дэлхийгээ хамгаалж, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхэд иргэн бүрийн хариуцлага чухал юм.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!