Непал болон Төвөдийн зарим хэсгийг хамарсан өнгөрсөн наймдугаар сарын мөсөн голын сүйрэлд уур амьсгалын өөрчлөлт ихээхэн нөлөөлсөн байх өндөр магадлалтай гэж эрдэмтэд үзэж байна.
Дэлхийн цаг агаарын эрс тэс үзэгдэлд уур амьсгалын өөрчлөлт хэрхэн нөлөөлж байгааг судалдаг эрдэмтдийн багийн мэдээлснээр Гималайн бүс нутагт агаарын температур эрчимтэй нэмэгдсэн нь мөсөн голуудыг нимгэрүүлэхийн зэрэгцээ уулын чулуулгийн гүнд хуримтлагдсан мөс болон мөнх цэвдгийг хайлуулжээ.
Үүний улмаас уулын налуу тогтворгүй болж, мөсөн гол нурах нөхцөл бүрдсэн байна.
Өнгөрсөн наймдугаар сард Гималайн Лангтанг Лирунг ууланд ойролцоогоор хоёр ам км талбайг хамарсан хад, мөсний асар том хэсэг нурсан юм. Үүний улмаас үер, шавар, нуранги үүсэж, Непал болон Төвөдийн бүс нутагт их хэмжээний хохирол учирсан байна.
Эрдэмтдийн тооцоолсноор наймдугаар сард Гималайн бүсийн дундаж температур ердийн үеийнхээс ойролцоогоор 5 хэмээр өндөр байсан бөгөөд үүний 1.5 хэм орчим нь хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой байжээ.
Мөн өнгөрсөн оны арав, арваннэгдүгээр сард орсон цасны хэмжээ ердийнхөөс их байсан нь температур нэмэгдэх үед хайлсан усны хэмжээг нэмэгдүүлж, мөсөн голын нуралтад нөлөөлсөн байж болзошгүй гэж судлаачид үзсэн байна.
Гималайн бүсийн мөсөн голууд 2000 оноос хойш жилд дунджаар хагас метр орчим нимгэрч байгаа аж. Мөсөн голын хэмжээ багасахын зэрэгцээ мөнх цэвдэг хайлж байгаа нь уулын чулуулгийн тогтвортой байдлыг сулруулж болзошгүй байна.
Харин 2015 онд тус уулын орчимд болсон 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт мөн чулуулгийн бүтцэд нөлөөлсөн байж болох ч түүний яг ямар хэмжээнд нөлөөлснийг одоогоор тогтоогоогүй байна.
Утрехтийн их сургуулийн уулын гидрологич Вальтер Иммерзелийн тайлбарласнаар тухайн уулын налуу геологийн хувьд эмзэг бүтэцтэй байсан бөгөөд 2015 оны газар хөдлөлт үүнийг сулруулсан байх боломжтой. Харин мөсөн гол болон мөнх цэвдгийн ухралт, их хэмжээний хайлсан ус, онцгой дулаан цаг агаар нь нуралтыг улам эрчимжүүлсэн байж болзошгүй байна.
Эрдэмтдийн үзэж буйгаар энэхүү үйл явдал нь уур амьсгалын дулаарал Гималайн өндөр уулын бүсийн мөсөн гол, мөнх цэвдэг болон уулын налуугийн тогтвортой байдалд хэрхэн нөлөөлж байгааг харуулсан нэгэн жишээ болж байна.
Эх сурвалж: Reuters








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!