Баавгайн халдлагад өртөж, толгойдоо хүнд гэмтэл авсан иргэнд ГССҮТ-ийн Салбар эмнэлэгт яаралтай тусламж үзүүлж, биеийн байдлыг тогтворжуулжээ.

Тус өвчтөнд өчигдөр шөнө Салбар эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасаг шаардлагатай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж, толгойн арьсны том хэмжээний хуулагдсан шарханд анхны цэгцэлгээ, эмчилгээ хийх мэс засал хийснээр биеийн байдлыг тогтворжуулсан байна.

Улмаар өнөөдөр нарийн мэргэжлийн оношилгоо, шинжилгээний хариунд үндэслэн ГССҮТ-ийн Толгойн мэс заслын тасагт шилжүүлж, 14:00 цагийн үед дахин мэс засалд оруулжээ.

Уг мэс заслын үеэр гавлын ясны цөмөрсөн хугарлыг авч, тархины даралтыг чөлөөлөхийн зэрэгцээ толгойн арьсны том хэмжээний шарханд хоёрдогч цэгцэлгээ хийсэн байна.

Одоогоор өвчтөний биеийн байдал хүнд байгаа бөгөөд ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт шаардлагатай тусламж үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлж байна.