АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ормузын хоолойгоор нэвтрэх гэж буй бүх хөлөг онгоцны хөдөлгөөнийг зогсоох талаар мэдэгдсэний дараа дэлхийн зах зээлд газрын тосны үнэ огцом өсөөд байна.
Сүүлийн мэдээллээр:
- Брент маркийн газрын тос 7.3 хувиар өсөж, 102.3 ам.доллар хүрсэн.
- WTI маркийн газрын тос 8-аас дээш хувиар нэмэгдэж, 104.8 ам.доллар болсон байна.
Энэхүү өсөлт нь дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн гол зангилаа болох Ормузын хоолой дахь геополитикийн хурцадмал байдалтай шууд холбоотой юм. Тус хоолойгоор дэлхийн түүхий нефтийн ойролцоогоор 20 хувь тээвэрлэгддэг тул аливаа саад тотгор нь зах зээлд шууд нөлөөлдөг. Өнгөрсөн долоо хоногт Вашингтон болон Техраны хооронд хоёр долоо хоногийн хугацаанд гал зогсоож, Ормузын хоолойг нээхээр тохиролцсоны дараа нефтийн үнэ түр хугацаанд 20 орчим хувиар буурсан билээ. Гэвч амралтын өдрүүдэд болсон хэлэлцээ амжилтгүй болсноор эрчим хүчний хямрал гүнзгийрч болзошгүй гэсэн болгоомжлол дахин нэмэгдэж, нефтийн үнэ өсөхөд хүрэв.
Нефтийн үнэ өссөнтэй зэрэгцэн Азийн хөрөнгийн зах зээлд сөрөг нөлөө үзүүлжээ. Тухайлбал:
- Японы Nikkei 225 индекс – 1 хувиар буурсан
- Өмнөд Солонгосын Kospi индекс – 0.8 хувиар буурсан
Азийн орнууд Ойрх Дорнодын нефтийн нийлүүлэлтээс ихээхэн хамааралтай байдаг тул АНУ, Израил болон Ираны хоорондын хурцадмал байдал нь эдгээр улсын эдийн засагт мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байна.
Ормузын хоолойг хянахтай холбоотой геополитикийн нөхцөл байдал АНУ-ын дотоод зах зээлд ч нөлөөлж эхэлжээ. Ням гарагийн байдлаар АНУ-д нэг галлон бензиний дундаж үнэ 4.12 ам.доллар болж, дайн эхэлснээс хойш 38 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Ормузын хоолой дахь хурцадмал байдал нь дэлхийн эрчим хүчний зах зээлд томоохон савлагаа үүсгэж, нефтийн үнэ, хөрөнгийн зах зээл, шатахууны хэрэглэгчдэд шууд нөлөөлж байна. Цаашид геополитикийн нөхцөл байдал хэрхэн өрнөхөөс хамааран нефтийн үнийн хэлбэлзэл үргэлжлэх төлөвтэй байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!