Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагааг 2023 оны аравдугаар сард Л.Энх-Амгалан сайдын санаачилгаар эхлүүлсэн. Багш нарын дунд зонхилон тохиолдож буй өвчлөлийг эрт үед нь илрүүлж, урьдчилан сэргийлэх нь боловсролын салбарын хүний нөөцийн эрүүл мэндийг хамгаалах чухал ач холбогдолтой. 

Чанартай боловсролын суурь нь эрүүл багш байх учиртай. Тус төвөөр үйлчлүүлж, үзлэгт хамрагдсан багш нарын дунд хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, мэдрэл, үе судлалын чиглэлийн өвчлөл зонхилж байна. Өнөөдрийн байдлаар тус төвөөр дамжуулан эрүүл мэндийн үйлчилгээ, зөвлөгөө, мэдээлэл авч буй багш нарын тоо хангалтгүй байна. 

Иймд цаашид төвийн үйл ажиллагааг өргөжүүлж, нийт багш, ажилтнуудыг хамруулан, өвчлөлийг эрт үед нь илрүүлж, урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэхэд анхаарч ажиллах юм. Багшийн эрүүл мэндийг хамгаалах нь багш, ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ сурагч бүрд чанартай боловсрол хүргэхэд чиглэсэн бодлогын чухал хэсэг.