Монголын мото спортын тамирчин, ОУХМ П.Мөрөн Дэлхийн ралли-рейдийн аварга шалгаруулах тэмцээн (W2RC)-ийн 2026 оны цувралын дөрөв дэх гараа болох Rallye OLA Energy du Maroc 2026 уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцож байна.

Марокко улсын Агадир хотоос эхэлж буй тус уралдаанд П.Мөрөн Rally3 ангилалд өрсөлдөж байгаа бөгөөд одоогоор 41 оноотойгоор ангиллын аваргын хүснэгтийг тэргүүлж байна. Түүний гол өрсөлдөгч Эдуардо Алан 40 оноотой байгаа нь хоёр тамирчны хооронд ердөө нэг онооны зөрүү байгааг харуулж байна.

П.Мөрөн өнгөрсөн тавдугаар сард Аргентинд болсон Desafío Ruta 40 уралдаанд Rally3 ангиллын пролог болон таван үе шатыг бүгдийг нь тэргүүлж, W2RC-ийн нэг гараанд ангилалдаа түрүүлсэн анхны Монгол тамирчин болсон юм.

Ийнхүү тэрбээр Мароккогийн гараанд Rally3 ангиллын тэргүүлэгчийн байр сууринаас оролцож, дэлхийн аваргын цувралын энэ жилийн аваргын төлөөх өрсөлдөөнөө үргэлжлүүлж байна.

Rallye OLA Energy du Maroc 2026 уралдаан есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 3-ныг хүртэл Агадир-Загор чиглэлд үргэлжилнэ. FIM-ийн мэдээллээр Rally3 ангилалд энэ удаагийн уралдаанд нийт 10 тамирчин бүртгүүлжээ.