Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ногоон хөгжлийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, иргэдийн оролцоонд тулгуурласан байгаль хамгааллын үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх зорилгоор энэ оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд “Алтан намар–Мод тарих улирал” нөлөөллийн ажлыг улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.
Энэ жилийн хувьд намрын бүх нийтийн мод тарих өдрүүдийн нээлтийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд энэ оны 09 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулсан бөгөөд намрын улиралд 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдрүүдэд мод тарьж, ургуулахад хамгийн тохиромжтой байдаг.
Статистик тоо баримтаас харвал сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд дэлхийн дундаж температур 1.1°C-аас 1.2°C орчмоор нэмэгдсэн бол Монгол орны жилийн дундаж температур 2.25°C-аас 2.46°C хүртэл нэмэгджээ. Энэ нь дэлхийн дунджаас даруй 2-3 дахин хурдан дулаарч байгааг харж болно. Температур ийнхүү огцом өсөхийн сацуу ургамал ургах нэн чухал үе буюу дулааны улирлын хур тунадасны хэмжээ 7-8 хувиар буурсан нь асуудлыг улам хүндрүүлж байна.
Үүүнээс сэргийлэх хамгийн оновчтой арга хэрэгсэл нь мод тарьж, ургуулах бөгөөд “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөн өрнөж эхэлснээс хойш энэ хаврын тариалалтыг тооцохгүйгээр улсын хэмжээнд нийт 140,4 сая орчим модыг тарьж, ургуулаад байгаа бөгөөд үүний үр дүнд манай орны ойрхог чанарын эзлэх хувь нийт газар нутгийн 7,9-өөс 8,71 хувьд хүрч өсөөд байна. “Алтан намар–Мод тарих улирал” нөлөөллийн ажлын хүрээнд иргэд, байгууллагыг мод тарьж ургуулах, тарьсан мод, бут, сөөгөө арчлан хамгаалах, байгаль орчинд ээлтэй зөв дадал хэвшүүлэхэд уриалах юм.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!