Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгоны нутаг дэвсгэрт малын гоц халдварт годрон өвчний голомт үүссэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс, Мал эмнэлгийн газар болон Дэлгэр сумын Онцгой комисс 2026 оны есдүгээр сарын 27-ны өдрийн 23:00 цагт шуурхай хуралджээ.

Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн есдүгээр сарын 27-ны өдрийн шинжилгээний дүнгээр тухайн нутаг дэвсгэрт гарсан өвчнийг малын гоц халдварт годрон өвчин болохыг тогтоосон байна.

Үүнтэй холбогдуулан өвчин гарсан айлын малыг холбогдох журмын дагуу устгалд оруулах, тухайн нутаг дэвсгэрт хорио цээрийн дэглэм тогтоох, эргүүл болон пост ажиллуулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болжээ.

Мөн өвчний тархалтыг таслан зогсоох, бусад мал сүрэгт халдвар дамжихаас урьдчилан сэргийлэх чиглэлээр шуурхай ажиллахыг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад үүрэг болгосон байна.

Одоогоор нөхцөл байдлыг газар дээр нь шуурхай зохицуулж, халдварын тархалтыг хязгаарлах, малчдад сэрэмжлүүлэг, мэдээлэл хүргэх, хорио цээрийн дэглэмийг чанд мөрдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа талаар мэдээллээ.