Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг сэтгүүлч А.Шинэбаяртай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. 

ЕТГ-ын ХМА-ны дарга Ц.Ганзориг: 

“Сүүлийн үед Ерөнхийлөгчийн нууц хөрөнгө гэсэн худал мэдээллээр олон нийтийн дунд эргэлзээ, төөрөгдөл үүсгээд буй асуудалд цаг алдалгүй баримтаар няцаалт өгч байна. Өчигдөр бид цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Энэ бол хувь хүн эсвэл ганц нэг редакцын асуудал биш. Мэргэжлийн ажил үүргээ нэр төртэй гүйцэтгэдэг сэтгүүлчдийн нэр хүндийг унагадаг, хэвлэлийн хорт хавдар болсон "микрофон барьсан шантааж"-тай Ерөнхийлөгчийн Тамгын газар хэзээ ч эвлэрэхгүй. 

Бага тэнгэр дэх хаусуудыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нууц хөрөнгө хэмээн өнгөрсөн онд цацсан бичлэгийг дахин сэргээн тарааж байна, энэ бол худал мэдээлэл. Эдгээр нь хувь хүмүүсийн өмч хөрөнгө. Бусдын хувийн өмчийг зөвшөөрөлгүйгээр зарлах нь хууль бус. Тухайн өмчлөгч нь өөрөө зөвшөөрвөл тайлбарлах биз ээ. 

Төрийн ордны хойно баригдаж буй "Андууд тауэр" гэх барилгыг Ерөнхийлөгчийн барьж буй өмч мэтээр гүтгэсэн. Энэ нь хувийн ААН-ийн хөрөнгө бөгөөд Ерөнхийлөгчтэй ямар ч холбоогүй. Эдгээр бичлэгийг 2024 онд цацаж төөрөгдөл үүсгэхэд хууль хяналтын байгууллага шалгаж, эзэн холбогдогчийг нь тогтоосон. Захиалга өгсөн, төлбөр шилжүүлсэн, гүйцэтгэлийг нь хийсэн, орон байраар хангасан зэрэг 3-4 хүний харилцаа холбоог хуулийн байгууллага хөдөлшгүй баримтаар тогтоогдсон байдаг.

Өнөөдөр Яармагт байрлах "Юнайтед молл"-ыг "У.Хүрэлсүхийн молл, нууц хөрөнгө" гэж дахин гаргаж ирсэн байна лээ. Өдөр бүр нэг хувь хүн, аж ахуйн нэгжийн өмчийг Ерөнхийлөгчийнх мэтээр зарлаж байгаа нь төрд итгэх итгэл, ард түмнээс сонгогдсон төрийн тэргүүний нэр хүндэд халдаж буй ноцтой асуудал юм. 

Ерөнхийлөгч орон сууц худалдаж авсан эх үүсвэр нь өөрийн цалин, хадгаламжийн данснаас шилжсэн баримттайгаа байдаг. Мөн тансаг зэрэглэлийн амралтын газартай гэж яриад байгаа нь 'Илт хаан' компанийн 58 хувийг эзэмшдэг бөгөөд үүнийг 2017 оноос хойш ХОМ-тээ тасралтгүй мэдүүлж ирсэн. Энэ нь 10 гаруй дүнзэн байшин, 10 орчим гэртэй амралтын газар. Энэ бүхнийг АТГ шалгаж, УИХ-ын зарим гишүүдийн шалгуулахаар өгсөн хүсэлтийн дагуу нягтлаад ямар нэгэн зөрчилгүй болохыг хуулийн дагуу тогтоосон.

Би архи амсдаггүй, тамхи татдаггүй. Архины ширээний ард А.Шинэбаяртай уулзсан асуудал байхгүй. Би түүнтэй ердөө нэг удаа уулзаж, нэг удаа утсаар ярьсан. А.Шинэбаяр өнгөрсөн өвөл, хавар, зуны турш баримт нотолгоогүй мэдээллээр Ерөнхийлөгч рүү удаа дараа халдсан. Би сэтгүүл зүйн зарчмаар "Баримт чинь худлаа байна, хууль хяналтын байгууллагаар тогтоогдсон асуудал шүү" гэдгийг нөхөрсгөөр олон удаа сануулсан. Би өнөөдрийг хүртэл нэг ч сэтгүүлчийг хуулийн байгууллагад өгч байгаагүй. Энэ бол сэтгүүлчийг өгч буй хэрэг биш, сэтгүүл зүйн нэр барьсан шантааж, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулж буй хэрэг юм.

Хүнээс хүсэлт тавих, тусламж гуйх нь хүний ёсны асуудал. Гэтэл "Үүнийг биелүүлэхгүй бол та нарыг харлуулна, хэн ч биш болгоно" гэж тулган шаардах нь шантааж. А.Шинэбаяр нь хамгийн багадаа зургаан хүний цалин, оффисын түрээс өгөх, машин унаа сольж өгөх, зураг авалтын үнэтэй камер авч өгөх санхүүжилт шийдэх, ерөнхийлөгчийн гадаад айлчлалын бүрэлдэхүүнд заавал авч явах, хэн нэгэнд "Хөдөлмөрийн баатар" цол олгох асуудлаар тохироо хийхийг тулган шаардсан.

Төсвийн буюу нийтийн мөнгөөр цалинжиж буй надад тийм мөнгө байхгүй, боломжгүй гэдгээ хэлсэн. Гадаад айлчлалын бүрэлдэхүүнийг ганцаараа шийддэггүй, ҮАБЗ болон холбогдох байгууллагууд хамтарч шийддэг. Төрийн шийдвэр, цол шагналаар наймаалцах боломжгүй гэхэд ‘Та нарыг жинхэнэ утгаар нь харлуулж, үхдэл болгоно’ гэж сүрдүүлсэн. Бүх нотлох баримтуудаа цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн. 

Бидэнд аливаа бичлэгийг устгах, сошиал хуудсыг хаах техникийн ямар ч боломж, эрх мэдэл байхгүй. ХХЗХ ч дангаараа тийм зүйл хийх хууль зүйн боломжгүй. Мета компанийн өөрийнх нь стандартын дагуу шийдэгддэг. 

Төрийн ордонд өдөр тутам 500 сэтгүүлч, салбарын хэмжээнд 5,000 орчим хэвлэл мэдээллийн ажилтан мэргэжлийн ёс зүйтэйгээр ажлаа хийж байгаа. 

Би энэ албыг хашиж байхдаа хэзээ ч шантаажтай эвлэрч, хуйвалдаж, гар барьж явахгүй. Энэ бол миний хувийн болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын хатуу байр суурь. Цаашид ч энэхүү шантаажтай холбоотой баримтуудыг хуулийн дагуу дэлгэж, хууль хяналтын байгууллагаар шалгуулах болно” гэв.