Монгол Улсын тээвэр, логистикийн шинэ гарцыг бий болгох зорилготой Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр зам өнөөдөр /2026.10.11/ ашиглалтад орлоо.

Төслийн нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд О.Учрал, холбогдох яамдын төлөөлөл, Монгол Улсын Хөгжлийн банкны удирдлагууд, төмөр замчид болон төслийн инженер, техникийн ажилтнууд оролцов.

Нийт 1.9 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалттай уг төслийн бүтээн байгуулалтад Монгол Улсын Хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын санхүүжилт олгожээ.

Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирал А.Энхжингийн мэдээлснээр, шинэ төмөр зам ашиглалтад орсноор нийслэлийн ачаа тээврийн урсгалыг өөрчилж, авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын зэрэгцээ тээвэр, логистикийн шинэ гарц нээж, бүс нутгийн хөгжлийг дэмжих ач холбогдолтой юм.

Мөн төслийн үр дүнд урт хугацаандаа 294.8 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлж, 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллахын зэрэгцээ 1,000 гаруй байнгын ажлын байр бий болгох боломжтойг онцоллоо.

Төмөр замын бүтээн байгуулалтын хүрээнд гурван зөрлөг, дөрвөн өртөө, нийт 1,200 метрийн урттай есөн төмөр бетон гүүр, ус зайлуулах болон хүн, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх зориулалттай 127 төмөр бетон хоолой барьж байгуулсан байна.

Шинэ төмөр зам ашиглалтад орсноор дараах үр дүн гарна.

  • Ачаа тээврийн хүчин чадал нэмэгдэнэ. Эхний жилдээ 3.5 сая тонн, цаашид жилд 20–25 сая тонн хүртэлх ачааг Улаанбаатар хотын төвөөр дамжуулахгүй тээвэрлэх боломж бүрдэнэ.
  • Аюултай ачааны тээвэрлэлтийг нийслэлийн төвөөс гаргана. Улаанбаатар хотын төвөөр 34 нэр төрлийн аюултай ачаа тээвэрлэх шаардлагагүй болно.
  • Авто замын ачаалал буурна. Өдөр бүр 300–1,800 том оврын ачааны автомашин нийслэлийн замын хөдөлгөөнөөс хасагдах тооцоо гарчээ.
  • Ачаа тээврийн терминалуудыг нүүлгэнэ. Нийт 13 терминалыг нийслэлийн төвөөс үе шаттайгаар нүүлгэн шилжүүлнэ.
  • Ажлын байр нэмэгдэнэ. Шинээр 1,000 гаруй байнгын ажлын байр бий болгох боломж бүрдэнэ.
  • Бүс нутгийн хөгжилд түлхэц өгнө. Хөшигийн хөндийн тээвэр, логистикийн төв болон Зуунмод, Хүннү зэрэг дагуул хотын хөгжлийг дэмжих суурь дэд бүтэц бүрдэх юм.